Туулын ус бохирдол ихтэй гарчээ
Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториос Туул голын усанд сорьцын шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээгээр Туул голын ус Улаанбаатар хот, Тэрэлж орчимд чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр гарсан байна. Харин хотын төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй устай нийлснээс доошх буюу Сонгины гүүрний орчимд усны чанар өмнөх сарынхаас бохирдсон үзүүлэлттэй гарчээ.Голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, органик бодисын агуулагдах хэмжээ онцгой их бохирдлын хэмжээнд хүрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн эрдэс азотын агуулагдах хэмжээ ихсэж, хүчилтөрөгчийн агууламж 0,47 мг/л-т байгаа нь ноцтой төвшинд хүрсэн байна. Үүнээс гадна аммонийн азотын агууламж стандартаас 68 дахин, эрдэс фосфорын агууламж найм дахин давсан бохирдолтой гарчээ. Тиймээс ундны усанд хэрэглэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа ажээ.