Монголын аврах баг цацраг идэвхжилттэй бүсэд ажиллахгүй
2011.03.15

Монголын аврах баг цацраг идэвхжилттэй бүсэд ажиллахгүй

ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Монхоо сэтгүүлчдэд хандаж 14:00 цагт мэдээлэл хийлээ.tsunami01

 

Одоогоор Японы гамшиг гарсан бүс нутагт авран хайх үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг өнөө өглөө  МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор 9.00 цагт Токио руу нисжээ. Тэдний хаана ямар байрлалд ажиллах асуудлыг японы тал шийдэх бөгөөд гэхдээ цөмийн станцын ойролцоох цацраг идэвхжилттэй бүсэд ажиллахгүй гэдгийг японы тал албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

 

Мөн Монгол улс иргэдээ татах ажиллагаа үргэжлүүлж байгаа бөгөөд "Монгол Улсын Засгийн газар иргэдээ нэгдсэн журмаар Японоос татах, нүүлгэн шилжүүлж байгаа явдал байхгүй. Гагцхүү гамшгийн бүсээс иргэдийг гарах туслах үйл ажиллагаанд Токио дахь ЭСЯ-ын Консулын хэлтэс дэмжлэг үзүүлж ажиллаж байна.  Одоо эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа ирж байгаа гэдгийг анхаарна уу" хэмээн Б.Монхоон хэллээ.

 

Японы Засгийн газар гамшгийн хохирлыг арилгах талаар ялангуяа АЦС-ын аюулгүй байдлыг хангах, тэнд болсон зарим гадна талын техникийн хаалт дэлбэрсэнээс орчин тойрны агаарт дэгдээд байгаа цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс иргэдийг хамгаалах талаар шат дараатай тууштай арга хэмжээ авч байгаа бөгөөд байдлыг бүрэн хяналтандаа байлгаж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Токио дахь ЭСЯ–ны хувьд Фукушимагийн АЦС-ын бүсэд байгаа иргэдтэйгээ холбоотой байх, тэдний аюулгүй байдлын асуудлаар Японы орон нутаг дахь холбогдох албадаас удирдан зааварлаж буй үйл ажиллагаанд нарийн чанд хамрагдаж, захирагдан ажиллахыг анхааруулж байгаа. Тэднээс Токио болон бусад илүү аюулгүй  бүсэд шилжих хүсэлт  гаргах тохиолдолд бололцоотой  хэлбэрээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

 

Фукушима аймагт Монголын 27 иргэн байгаа бөгөөд одоогоор Токиод 12 иргэн ирсэн, 15 иргэн очиж яваа гэсэн мэдээлэл өглөө. Тэдгээр хүмүүс цөмийн цацрагт өртөөгүй нь тогтоогдсон гэнэ.


Сэндай хотод байсан 64 монгол иргэнийг ЭСЯ-наас автобус гарган Токиод авчирсан байна. Нарито нисэх буудалд өмнөх онгоцонд сууж амжаагүй байгаа 80 хүний хамт өнөөдөр онгоцоор очно хэмээн мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.