Төсвийн байнгын хорооноос бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна
2011.03.16

Төсвийн байнгын хорооноос бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд  УИХ-ын байнгын хороод нэлээд ажилтай байгаа юм. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны Ажлын албанаас өчигдөр нэгэн уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Төсвийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар  орон нутагт бүсчилсэн семинарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос цуврал болгон зохиох бөгөөд эхнийх нь Дархан-Уул аймагт  болсон юм.

Энэхүү уулзалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв аймгуудын төр, захиргааны байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч нар, санхүү, татвар, төрийн сангийн албаны удирдах ажилтнууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа үг хэлсэн. Түүнчлэн дээрх хуулиудын төслийн талаар Сангийн яамны холбогдох ажилтнууд  илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан уулзалтад оролцогчид асуулт асууж, санал бодлоо дэлгэрэнгүй ярьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан, хуучин хуулиа зүгээр нэг  засварлан янзлахаасаа илүүтэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэлээд нухацтай байдлаар  сайтар боловсруулах нь үр дүнтэй гэдгийг онцолж байсан. Тэрээр орон нутагт аль болох төсвийн эрх мэдлийг  өгөх асуудалд зарчмын шинэчлэлт хийх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Үүний тулд Төсвийн хуулийг үе шат бүрээр нь анхааралтай боловсруулж,  ажил үүргийн хуваарилалтыг маш сайн хийж өгөх ёстойг дурдсан.  Ажил үүргийн хуваарийг хуулинд тодорхой зааглаж өгөх нь зүйтэйг ч тэмдэглэн хэлсэн. Орон нутагт эрхлэх ажил үүргийн стандарт, түвшинг тогтоож, тодорхой болгох,  үр дүнгийн  хэмжүүр нь ч мөн өөрчлөгдөх ёстойг тэрээр  тэмдэглэсэн. Төв, орон нутгийн харилцан уялдаа, тэнцвэржүүлэлтийн асуудал мөн чухал болохыг хэлж байлаа. Хариуцлагын тогтолцоог ямар үзүүлэлт шалгуураар авч үзэх нь зүйтэй вэ зэрэг орон нутагт анхаарч үзэх асуудал нэлээд буйг мөн хэлсэн. Орон нутагт хийж байгаа бүсчилсэн цуврал уулзалт, хэлэлцүүлгийн  дүнд  ямар ч байсан тодорхой шийдэл, үр дүн гарна хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан онцолж байлаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа хэлэхдээ, хуулийн төслүүдийг боловсронгуй болгох чиглэлд сайтар анхаарч, тодорхой санал, санаачлагатай хандах нь чухал юм гэж байсан. Учир нь  энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, гардан хийж гүйцэтгэдэг гол хүмүүс нь уулзалт, хэлэлцүүлэгт оролцож байгааг дурдаж байлаа.

Дараагийн уулзалт, хэлэлцүүлэг маргааш Арвайхээр хотод болох бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төлөөлөл ирж оролцох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.