Улаанбаатар хотод газар хөдлөлт болох уу
Газар хөдлөлт гэж юу вэ?
Газар хөдлөлтийг судалгааны талаас нь “дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг хэлнэ” гэж тодорхойлдог. Харин газрын гадаргууд үйлчилсэн байдлаар нь “Газрын гадаргууд олон зуун километр урт хагарал үүсч, гол мөрөн гольдролоо, уул нурууд дүр төрхөө өөрчлөх, хот суурин, барилга байгууламж нуран, олон хүний амь нас эрсдэх байгалийн гамшигт үзэгдлийг газар хөдлөлт гэнэ” гэсэн байна. Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлаж байна. Дэлхийн гадаргуу нь нэгэн цул биет мэт харагдах боловч мөн чанартаа хоорондоо зааглагдсан том хэсгүүдээс бүрдэх ба үүнийг хавтан гэж нэрлэдэг. Орчин үеийн геосудлалын шинжлэх ухаан тэдгээрийг үндсэн 7 том хавтангууд (Африк, Антрактит, Австрали, Евроази, Хойд Америк, Өмнөд Америк, Номхон далайн) болон хэд хэдэн микро хавтангуудад (Энэтхэг, Араб, Кариб, Жуан де Фука, Назка, Филиппин, Скотия) ангилдаг. Тектоник хавтангууд нь цаваг мандалд орших халуун хайлмагт үүсэх мөнхийн хөдөлгөөний улмаас байнгын хөдөлгөөнд оршиж, хоорондоо хил заагийнхаа дагуу харилцан нэгэнтэйгээ үйлчилж байдаг. Энэ үйлчлэлийн улмаас хавтангуудын зааг дагуу газар хөдлөх, галт уул дэлбэрэх, уул нурууд үүсэх зэрэг геологийн үзэгдлүүд тасралтгүй явагддаг. Мөн хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд оршихдоо хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орж хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг.Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөх уян харимхай долгионыг үүсгэнэ. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинэ хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжилт хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.Дэлхийн хэмжээнд дундажаар 1-2 баллын газар хөдлөлт хоногт 8000 удаа, 3-4 баллын газар хөдлөлт жилд 49000 удаа, 4-5 баллын газар хөдлөлт жилд 6200 удаа 5-6 баллын газар хөдлөлт жилд 800 удаа, 6-7 баллын газар хөдлөлт жилд120 удаа, 7-7,9 баллын газар хөдлөлт жилд 18 удаа, 8 баллын газар хөдлөлт жилд 1 удаа болдог гэсэн судалгаа гаргажээ.
Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болох уу
Газар хөдлөлт бол урьдчилан тааж мэдэх боломжгүй, хүн төрөлхтөнд их хэмжээний гамшиг учруулж ирсэн байгалийн үзэгдэл юм. Аюултай газар хөдлөлт болсон тохиолдолд эх захгүй цуу яриа дэгдэж нийгмийн ухамсрыг доройтуулж, эмх цэгц алдагдан цааш цаашдаа улам даамжирч нийгмийн байдлыг хяналтгүй болтол нөлөөлөх явдал гардагийг 2010 оны 1 дүгээр сарын 13-д болсон 250 мянган барилга байшин нурж, амь үрэгдсэн хүний тоо 212 мянга давж, гурван сая гаруй хүнийг орох оронгүй болгосон, бидэнд хамгийн том сануулгыг өгсөн Гайтийн газар хөдлөлтөөс бид бэлхэнээ мэдэрсэн билээ. Гашуун бөгөөд бодит сургамжийг гайхаад өнгөрүүлэх биш ийм явдал гаргуулахгүйн тулд газар хөдлөлт гэж юу болох түүний шалтгаан нөхцөл, эвдрэлийн шинж байдал, үр дагаврыг ард иргэдэд тайлбарлан таниулж, байгалийн догшин ширүүн гэнэтийн зочныг урьдчилсан бэлтгэлтэйгээр хүлээн авч аюул хохирол багатай өнгөрүүлэх ёс зүйн, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох явдал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв ард иргэд газар хөдлөлтийн тухай үнэн зөв мэдлэгтэй, тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн байвал тэвдэж сандрахгүй ухаалгаар хандаж амь насаа хамгаалах болно.
Санамсаргүй гэнэтийн зочны өмнө амь насаа яаж хамгаалах талаар та бодож байсан уу, хэн нэгнээс асууж байв уу. Тэгвэл та гудамжаар алхаж яваа хэн нэгэн болон ажлынхаа өрөөнд тохой нийлүүлэн зэрэгцэн суугаа эрхэм, аль эсвэл өөрийн гэр бүлийнхээ гишүүний нэгнээс “Газар хөдлөлтийн үед яаж амьд гарах арга замаа та мэдэх үү” гэж асуугаад үзээрэй. Нааштай хариулт өгөх нэгэн олдохгүй л болов уу. Ядахад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуульд газар хөдлөлтийн гамшиг, ослын үед амь насаа яаж хамгаалах, ямар арга хэрэгсэл ашиглах гэдгийг сургалтын хөтөлбөрт оруулж, хичээлээр дамжуулан заадаггүй нь тун харамсалтай бөгөөд эмгэнэлтэй.
Хэзээ ч тохиож болох энэ аюулаас ард иргэдээ эсэн мэнд авч гарах төр засгийн бэлтгэл харамсалтай нь тун сул байна. Мөн аюул тохиолдсон үед аврах ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгөний тал дээр ч улс төржих дуртай төр маань юу хийж байгаа нь бас л тодорхойгүй. Ингэхээр газар хөдлөлтийн аюул, гамшиг болсон тохиолдолд ард иргэд хаана, хэнд хандахаа мэддэггүй, “Онцгой байдлын ерөнхий газар л ямар нэг арга хэмжээ авах байлгүй дээ” гэсэн бүдэг бадаг, таамаг төдий хариултын цаана аюулын үед яаж амиа аврахаа мэдэхгүй Монгол улс бүхэл бүтнээрээ оршиж байна.
Тэгвэл өнөөдөр энэхүү бодит байдлыг мэдэрч байгаа ард иргэд газар хэзээ, хаана хөдлөх бол гэдэг эргэлзээ, айдсыг битүүхэн тээж явна. Эргэлзээг тайлж асуултад хангалттай хариулах албан тушаалтан, эрдэмтэн, судлаач ч алга. Үүнийг яг таг нарийн тооцоолох хэмжээнд өнөөгийн шинжлэх ухаан хүрээгүй байгаа.Тиймээ үнэхээр газар хэзээ, хаана, аль хэр хүчтэй хөдлөхийг өнөөдрийн түвшинд мэдэх боломжгүй юм. Харин газар хэзээ ч хөдөлж мэднэ. Тийм учраас “Байнга, тогтмол, гэхдээ санамсаргүй” гэсэн хууль газар хөдлөлтөд үйлчилдэг.
Манай ухаант өвөг дээдэс аюулт газар хөдлөлт түүнийг дагалдах эвдрэл, сүйрэл, хор хөнөөлийг үр хойчдоо “Гай газар доороос” гэж гуравхан үгээр сануулж анхааруулсаныг, мөн Япон улсын Геофизик судлалын эцэг хэмээн алдаршсан эрдэмтэн судлаач Т.Терада “Өнгөрсөн гашуун сургамжийг мартаж алгуурласан тэр л үед дараагийн байгалийн аюул сүйтгэл учирдаг юм” гэж тов тодорхой анхааруулсан байдгийг газар хөдлөлт судлаач Д.Мөнхөө нэгэн өгүүлэлдээ тэмдэглэсэн байдаг билээ. Харин амьтан газар хөдлөлтийн дохиог хүнээс илүү мэддэг нь батлагдсан зүйл. Манай өвөг дээдэс тарвага, зурам гэх мэт нүхний амьтад олноороо дайжих, уулын хэцэд гарсан сарлаг доош бууж ирэх, нохой гаслах, муур гэрээсээ алга болох зэргээр газар хөдлөлтийг мал, амьтад урьдчилан мэдэрч орох, гарах газраа олж яддагийг ажиглаж мэддэг уламжлалтай. Гэхдээ түүнийг анзаарч мэддэг хүмүүс ховор болсон нь харамсалтай.
Гамшгийн дараах сэргээн босголтын зардал ямагт урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын зардлаас хамгийн багадаа 10 дахин их байдаг дэлхий дахины сургамжийг бодолцон улс орны болон орон нутгийн бодлогыг урьдчилан сэргийлэх чиглэлд хандуулах ажлыг системтэйгээр зохион байгуулах, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монголын газар нутагт болсон газар хөдлөлтийн тухай
Монгол орон Төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй мужид оршдог бөгөөд дэлхийн газар хөдлөлтийн аюулын газрын зургаар нилээд эрсдэлтэй орны тоонд ордог. Дэлхийн газар хөдлөлт судлалын олон улсын холбооны АНУ дахь төв (USGD)-ийн мэдээнээс үзвэл өнгөрсөн ХХ зуунд магнитуд шаталбараар 8 ба түүнээс их хүчтэй газар хөдлөлт 170 удаа тохиолдсон ба үүнээс дөрөв нь Монгол улсын нутаг дэвсгэрт тохиолджээ. Ялангуяа Алтай, Говь-Алтай, Хангайн нурууны орчим нутаг газар хөдлөлтийн аюултай бүсэд багтдаг байна. Мөн Хөвсгөл нуур, Бүсийн гол, Дархадын хотгор, Бүрэн, Бүтээлийн нуруу ч идэвхжил өндөртэй бүс. Дархадын хотгор, Алтай нурууны хооронд газар хөдлөлийн бас нэг идэвхтэй бүс бий.
Томоохон газар хөдлөлтийн анхных нь 1905 оны 7 дугаар сарын 9 ба 23-нд Хангай нурууны салбар уулс Алтан Хөлийн, Хан-Хөхий, Булнай нуруунд хоорондоо 14 хоногийн зайтай 11-12 баллын хүчтэй хоёр удаа хөдөлж 130км урт цууралт газрын гадаргууд үүсгэсэн байна. Үүүний дараа 1957 оны 12 дугаар сарын 4-нд Богдын нуруунд хөдөлсөн хүчтэй газар хөдлөлт юм. Хэзээ ч шилгээж мэдэх идэвхтэй бүсийн нэг нь Могод орчим. Эндхийн газар 1967 оны 1 дүгээр сарын 5-нд 10-11 балл хүчтэй хөдөлжээ. Судалгаагаар сүүлийн 20-иод жилд Монголд 6 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт 40 гаруй удаа болжээ. Манай оронд тохиолддог газар газар хөдлөлт нь газрын гүн дэх чулуулаг давхаргын эвдрэл, суулт, шилжилтээс шалтгаалан газрын гадаргад доргилт, чичрэлтээр мэдрэгдддэг цогцлолын хөдлөлт ажээ.
Улаанбаатар хотод газар хөдлөлт болох уу
Газар хөдлөлтөд хамгийн өртөмтгий, өртөгдсөн үедээ муу үр дагавар ихтэй объектын нэг бол барилга, байгууламж юм. Газар хөдлөл судлаачдын олонх нь “Газар хөдлөлт хүн алдаггүй, барилга байгууламж л үүнийг хийдэг” гэж хэлжээ. Хот байгуулалтын хувьд тухайн газар чичирхийллийн хүчийг 6 ба түүнээс доош баллд хамрагдаж байвал нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба түүнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж үздэг. Энэ шалгуураар аваад үзвэл Монгол улсын нийт газар нутгийн 25 хувь нь зургаа ба түүнээс доош баллд, 7-8 баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55,4 хувь, ес ба түүнээс баллын хүрээнд 19,6 хувь хамрагддаг.
Манай улсын хамгийн их газар хөдлөлтийн гамшиг учруулж болох газар нь Улаанбаатар хот юм. Хотын ойролцоо эртний газар хөдлөлтийн 11 хагарал бий. Эдгээрийн зарим нь идэвхжиж байгаа талаар Одон орон геофизикийн судалгааны төвийнхөн мэдээлж байгаа. Эдний судалгаагаар 1994 оноос хойш Сонгино, Сонсголон орчимд газрын чичирхийлэл идэвхжсэн байна. Энэ хавьд газар хөдөлбөл дээд тал нь 6.8 магнитуд буюу 9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай судалгаа бий.
Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Туул голын сэвсгэр хурдас газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй нутаг дэвсгэр газарт тооцогддог бөгөөд өндөр нарийвчлалтай сансарын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хотын орчмын 200км хүрээнд шулуун ан цавууд тогтоогдсон нь болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болж болох талтай бөгөөд М>7,5 хүртэлх газар хөдлөлт болох магадлал бүхий бүс нутаг гэж эрдэмтэн, судлаачид тодорхойлсон байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдуулж түүнийг хуулийн хүрээнд мөрдөж барилга байгууламж барих учиртай байтал газар олголтод төрийн бодлого алдагдсан, хүн амын нягтаршил ихээр нэмэгдсэн, ундны усны нөөц багасаж байгаа, онцгой объектууд нэг дор төвлөрсөн, хуучин барилга ихтэй зэрэг олон хүчин зүйлүүд давхар нөлөөлж байгааг дурдах нь зүйтэй бол уу.
Одоогийн мөрдөж байгаа Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зургаар барилгажсан нийт талбайн 25 хувь нь 6 баллын мужид, 52 хувь нь 7 баллын мужид, 23 хувь нь 8 баллын мужид хамаарагдаж байгаа гэсэн судалгааг гаргасан байдаг. Харин 2006 онд хийсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын үнэлгээний нарийвчилсан судалгаагаар Нийслэлд газар хөдлөлтийн баллын үнэлгээг ахиулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Улаанбаатар хотын нийт барилгын 67 орчим хувь нь тоосгон хийцтэй үлдсэн хэсэг нь угсармал хавтгайлжин болон бусад төрлийн хийцтэй барилга эзэлж байна. Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь, хүн амын 5-6 хувь нь өртөх магадлалтай гэж судлаачид тогтоосон байна. Иймд байгалийн энэ гамшгийг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй учраас эхний ээлжинд ард иргэдийг газар хөдлөлтийн аюулын үед ямар арга хэмжээ авах, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургаж бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна. Газар хөдлөлтийн талаар сайн мэдлэг, дадлага туршлагатай хүн өөрөө амьд гараад зогсохгүй өрөөл бусдын амийг ч авардаг. Урьдчилж мэдэх боломжгүй эрсдэлд хүн бэлэн байх ёстой.
Газар хөдлөлтийн үед тайван бай.
Тайван бай. Битгий сандарч гүй. Дотор ч бай гадаа ч бай байсан газраа үлд. Толгой болон нүүрээ хамгаалж юм нөмөр.
- Бөх бат ор, ширээ, сандал доогуур орох ба хаалганы хажууд зогс. Хэрвээ та ширээ сандал доор байх үед чичирвэл тэндээ үлдээрэй. Битгий гараарай.
- Барилга дотор цонх болон коридороос хол байж, өөрийгөө хамгаалж хамгийн бөх бат хэсэг болох бараг нурдаггүй хаалганы хүрээ болон даацын хананы дагуу зогс. Мөн хэрвээ энэ нь нурвал аль хэсэгт агаар орж болох газрыг сонго.
- Өндөр тавилга болон номын шүүгээнээс хол байж дээрээс шилэн эдлэл, бусад хүнд зүйлс унахаас болгоомжил.
- Нурсан болон шилний хэлтэрхийнээс өөрийгөө хамгаалах зорилгоор хөнжил, гадуур хувцас, сонин зэргээр өөрийгөө хамгаал.
Битгий ийш тийшээ сандарч гүй. Дэлгүүр болон хүн ихтэй газар ийм гамшиг болвол урсдаг шат эвдрэх магадлалтай байдаг. Битгий сандарч гарах хаалга руу бөөнөөрөө гүй. Хамгийн аюултай зүйл бол ингэж бөөнөөрөө гарц рүү зүтгэснээр гарах хаалга эвдэрч, нурж унан хүн дарагдах аюултай. Тийм учраас та дотор тайван байж өөр гарцыг хай.
Хэрвээ та гадна талд байгаа бол барилга болон өндөр хүчдэлийн шугамнаас хол байж чөлөөтэй, зай ихтэй газрыг сонго.
Хэрвээ та машиндаа байвал чичиргээ зогстол нэг зүйлээс чанга барьж хүлээ. Гүүрэн дээр зогсохоос зайлсхий. Газар чичрэх үед машин өөрөө чичирч, үсэрч гэмтээх аюултай.
- Хэрвээ та унасан төмөр шонтой тааралдвал:
- Төмөр шонгийн эргэн тойронд нарийн зам гаргах гэж оролд.
- Хэрвээ төмөр шон таны машин дээр унавал та цэнэгтэй металлд хүрэхгүй л бол таны машин маш сайн тусгаарлагчтайг сана. Энэ нь таныг өндөр хүчдэлээс хамгаална. Металл болон чийгтэй эдлэл нь хүчдэл сайн дамжуулдаг учир цахилгаан гүйдэл цохих буюу шатах аюултай. Төмөр шонгоос хол бай.
Газар хөдлөсний дараа
- Шархадсан хүмүүс болон хөршүүдээ шалга. Шархадсан хүмүүсийг хамаагүй бүү хөдөлгө.
- Галын өрөө болон гал гарч болох газруудыг шалга.
- Хагарсан шил болон бусад зүйлээс хөлөө хамгаалахын тулд гутлаа өмс.
- Гэр доторх сантехникийн хоолой болон аюултай цахилгаан хэрэгслүүдээ шалга. Хэрвээ хий алдаж байвал цахилгаан болон хийн баллоноо унтрааж хаа. Сантехникийн компанид мэдэгдэж тэднээс эвдрэлийн талаар зөвөлгөө ав. Хий алдагдаж байвал чүдэнз, асаагуур гэх мэт шатамхай зүйлсийг бүү хэрэглэ. Энэ нь оч үсэрч гал гарах, дэлбэрэх аюултай.
- Доош буулгасан цахилгааны шугаманд бүү хүр.
- Ерөнхий мэдээлэл авах шалтгаанаар битгий битгий ийш тийш нь залга. Бодит онцгой нөхцөлд л залга.
- Хэрвээ ус тасарсан тохиолдолд зайлшгүй хэрэгцээний усаа хайлсан цас, гэссэн мөс, дарсан ногооны шүүс, жорлонгийн почкиноос авч хэрэглэж болно.
- Ус ирэхээс өмнө жорлонгийн шугамыг эвдэрсэн эсэхийг шалга.
- Хэрвээ цахилгаан тасарвал хөргөгчин доторх амархан муудах, хайлах зүйлсээ шалга.
- Онцгой нөхцөлд шаардлагатай бол ил зуухан дээр гал түлж хоол хий.
- Утасны цэнэгээ хадгалах зорилгоор онцгой нөхцөлөөс өөр үед утсаа бүү хэрэглэ. Радиогоо асааж гамшигийн талаар мэдээлэл ав.
- Тааз болон дээвэр дээр байрлах зуухны яндан болон хоолойг шалга. Мэдэгдээгүй эвдрэл нь гал гаргах аюултай.
- Тавилга бүхий ажлын өрөө болон агуулахыг шалгаж шүүгээн доторх унасан эвдэрсэн зүйлсийг шалга.
- Цуу үг тараахаас зайлсхий. Тэдгээр нь аюул дагуулдаг.
- Газар хөдлөснөөс үүссэн далайн давалгаа нь аюул учруулж болох учраас чөлөөт зугаалгын бүс болох далайн эрэг, усны захаар бүү яв. Нарийн гудмаар аюултай тээврийн хэрэгслээр бүү яв.
- Газар хөдлөлтийн илүү гамшигт бэлтгэлтэй бай. Ихэнх тохиолдолд жинхэнэ аюулаас бага байдаг. Зарим том аюул нь илүү их гарз хохирол учруулах болно.
- Цагдаа, нийгмийн хамгаалал, тусламжийн байгууллагаас тусламж хүс. Гэхдээ тусламж ирэх тохиолдолд нурсан эвдэрсэн газраас битгий гар. Нийгмийн хамгааллын ажилтнуудтай холбоотой ажилла.
Хэдийгээр бүх газар хөдлөлийн аюулыг арилгах ямар нэгэн хууль, дүрэм журам байдаггүй ч энэхүү гарын авлагыг дагаж мөрдөснөөр шархдагсад болон аюулд учрах хүмүүсийн тоо багасах юм.
Монгол улсын зөвлөх инженер Ц.Ганбат
Барилгын инженер Г.Эрхбаяр