60 ахмад дайчин орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа
2011.03.17

60 ахмад дайчин орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НХХ-ийн сайд Т.Ганди өнөөдөр ахмад дайчдад орон сууцных нь түлхүүрийг гардуулан өгч, Монголын зэвсэгт хүчний сүлд хийморь болсон та бүхний гавъяаг төр засгаас үнэлэн олгож буй шинэ байрандаа ая тухай эрүүл энх сайхан амьдрахыг хүсэн ерөөлөө.

ahmad_copy“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга х‎эмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлиг, “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг НХХЯ, ЗТБХБЯ, БХЯ-д хамтран хэрэгжүүлэн уг ажил дуусах шатандаа оржээ.

Ажлын хэсгийн гаргасан судалгаагаар энэхүү арга хэмжээнд нийтдээ 1620 ахмад дайчин хамрагдахаар эцэслэн гаргасан байна.

Эдгээрээс 2009 онд, 2 дайнд оролцсон болон 1939 оны Халх голын байлдаанд оролцсон 162 ахмад дайчин, 2010 онд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон  888 ахмад дайчин, 2011 он гараад 60 нийт 1110 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт хамрагдаад байгаа юм.

Дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцыг нь олгохдоо тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан хөрөнгийнхөө хэмжээнд багтаан шийдвэрлэж байгаа бөгөөд насны эрэмбийн дагуу дайн байлдаан оролцсон байдлаар нь олгож байга гэнэ. Өөрөөр хэлбэл, 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон, 1939 оны Халх голын байлдаанд оролцсон, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, Улсын баруун хил дээр 1940, 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмадууд гэсэн дарааллыг баримтлан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Өнөөдөр байр авсан ахмадууд Сонгинохайрхан дүүргийн 4 хороонд байрлах “ЮП” ХХК-ийн байрнаас 35 сая төгрөгийн үнэ бүхий 30-40 метр/ квадрат нэг өрөө байрыг хүлээн авч байгаа юм байна. Ахмад дайчдыг орон сууцжуулах арга хэмжээг энэ оны 5 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдсэн 500-аад ахмад дайчинг хамруулахаар ажиллаж байгаа тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.