Тэтгэлгээр гадаадад суралцагчдын шалгаруулалт Тавдугаар сард эхэлнэ
БСШУЯ-ны сайд: Ё.Отгон баярын хэвлэлд мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхантай уулзах үедээ гадаадад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод зарлан явуулах үүрэг өгчээ.
Энэ дагуу сонгон шалгаруулалтыг явуулах юм байна. 2011 онд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дэлхийн 16 оронд нийтдээ 813 хүн суралцахаар болжээ. Орон бүрийн боловсролын системийн онцлогоос хамаараад тэтгэлэг зарлагдах хугацаа өөр өөр байдаг юм байна.Энэ удаад БНХАУ, Турк, Польш, Унгар, Украин, Румын, Болгар, Хорватын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалт зарлагдах гэнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх 5-р сард хийх гэнэ. Манай яамны хувьд зарим улсад тэтгэлгээр суралцагсдын тоо нэмэгджээ. Тухайлбал БНХАУ-ын Засгийн газраас бакалаврын 50 тэтгэлэг нэмж олгосноор нийт 95 хүн тэтгэлэгт хамрагдах боломжтой болжээ.
Тэтгэлгийн бүртгэлийг БСШУЯ хийнэ. Харин шалгалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ зохион байгуулах юм.
Тэтгэлэг олгож буй улс орон бүхэн Монголоос суралцагчдад ялгаатай санхүүгийн нөхцөл санал болгодог ажээ. Иймээс улс бүхний санал болгож буй нөхцөлийг нэг бүрчлэн нэрлэх боломжгүй юм. 'Хэрэв та энэ талаар сонирхож байгаа бол БСШУЯ -ны цахим хуудас руу орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.