Орон нутгийн төсвийн эрх мэдэл хангайн бүсийнхний анхаарлын төвд байна
УИХ-ын чуулганы завсарлагаанаар Төсвийн байнгын хорооны Ажлын алба нэлээд ажил ихтэй байна. Тэд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд хөдөө, орон нутагт ажиллаж байгаа юм.
Эхний ээлжинд Дархан-Уул аймагт саяхан очиж ажиллахдаа Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Дархан-Уул аймгуудын төр, захиргааны байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч нар, санхүү, татвар, төрийн сангийн албаны удирдах ажилтнууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.
Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын алба Өвөрхангай аймагт ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс орон нутгаас мэдээлж байна.
Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатанд байгаа юм. Хуулийн төслүүдийг 2011 оны хаврын чуулганы эхэнд УИХ-аар хэлэлцүлж, батлуулахаар Төсвийн Байнгын хороо төлөвлөн ажиллаж байна.
Төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах болон төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон асуудлыг урьд нь /2003 оноос/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар манай улсад зохицуулж ирсэн байдаг.
Мөн төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг өмнө нь /2002 оноос / Нэгдсэн төсвийн тухай хуулиар зохицуулж байсан билээ.
Харин эдгээр хуулиудыг шинэчлэн найруулахаар УИХ-аас 2009 онд тогтоол гаргасан юм. Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох нь чухал гэдгийг УИХ онцолж өгсөн. Энэ шаардлагын хүрээнд Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай /хуучин/ хуулиудыг шинэчлэн найруулах хэрэгтэй болоод байгаа юм.
Иймд Засгийн газраас төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж засч сайжруулах, УИХ, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа, мөн шинээр хуульчлах зайлшгүй шаардлагатай зарим харилцааг зохицуулах зорилгоор Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм.
Улс орны эдийн засгийн хөгжлийн хурдцыг дагаад Засгийн газрын худалдан авах ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч мөн үзжээ.
Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжлийн байгууллага бий болгох, орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэсэн зарчмын томоохон асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан байна.
Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд орон нутгийн бие даасан байдал, санхүү, төсвийн эрх мэдлийг тэнд нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн хүрэлцээг мөн нэмэгдүүлэх, төсвийн зохицуулалт, харилцааг орон нутагт шилжүүлэх шинэчлэлийг хэрхэн хуульд тусгах талаар өнөөдөр Өвөрхангайд болж буй хангайн бүсийнхний уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ярьж байна.
Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж, санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгааг зохистойгоор зохицуулах нь чухал болохыг оролцогчид ярьж байлаа.
Түүнчлэн орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зайлшгүй шаардлага мөн хэдий ч улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн ярьж байв.
Өвөрхангай аймагт болж буй хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төлөөлөл оролцсон энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа биечлэн удирдан явууллаа.
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт Сангийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд мөн оролцож, танилцуулга хийж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс орон нутгаас мэдээллээ.