Казах түмний төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл казах түмний уламжлалт наурызын баярыг тохиолдуулан өнөөдөр зарим төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн асан, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, профессор Т.Ныгамет, өндөр настан К.Мектив, Р.Алданыш, А.Нигабат, нийслэлийн 20 дугаар сургуулийн багш Т.Зулмира, “Акпар-Аудит” ХХК-ийн захирал Х.Баянбай, Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтэн С.Жандос нар хүрэлцэн ирсэн юм.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, казах түмэн маань наурызын баярыг өдөр, шөнө тэнцэж наран наашилсны, урин цаг эхэлж байгалийн үр шим дэлгэрсний баяр хэмээн бэлэгшээн тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэх, ахмадууд нь үр хүүхэд, залуустаа эрхэм сургаалиа хайрлаж, ажил үйлс, ололт амжилтаа дүгнэн цэгнэж, зөвлөж хөөрөлддөг нь казах түмний үнэхээр зөв сайхан уламжлал юм. Аливаа баярыг зөв сайхан тэмдэглэнэ гэдэг их чухал зүйл юм. Казах түмэн маань наурыз баяраа үнэхээр зөв сайхан тэмдэглэдэгт нь талархаж байдаг гэлээ.
Монгол эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд казах түмний оруулсан хувь нэмрийг төр, засаг ямагт өндөр үнэлж, бахархан тэмдэглэж байдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлоод нийт казах түмэнд наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг ерөөгөөд уулзалтад оролцогсдод гарын бэлэг гардуулж, хамтдаа дурсгалын зураг татуулав.
УИХ-ын гишүүн асан, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей уулзалтад оролцогсдын өмнөөс УИХ-ын даргад талархал илэрхийлж, “Байтерек” чуулгын уран сайханч, оюутан Б.Жанболат домборын аялгуугаар ая барилаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.