Д.Баатарням: Ирэх сард дүүргийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ
2011.03.24

Д.Баатарням: Ирэх сард дүүргийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ

www.vip76.mn сайт “Завгүй 180 хоног” буландаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Дугарын Баатарнямын урилаа.

baatar_nyam-Танай дүүрэгт шинэ он гараад өнгөрсөн  хоёр  сарын хугацаанд ямар ямар ажлууд хийгдсэн бэ?

-Манай дүүргийн хувьд энэ жилийг хөрөнгө оруулалт нийгмийн хөгжлийн жил болгон зарласан. Засгийн газрын бодлоготой уялдуулж  гол асуудлаа төвлөрүүлж ажиллаж байгаа юм.Нийгмийн хөгжлийн жил гэдэг нь  ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл нэг хороо, нэг гудамж, нэг ажлын байр гэсэн зорилт тавин ажиллана.  Өнгөрсөн  хоёрдугаар сард  бид энэ асуудлаар дүүргийнхээ төр захиргааны удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ярилцаж ажлын төлөвлөгөө гаргаад  ажиллаж байна. Манай дүүрэг хүн амын тоогоороо нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай дүүрэг болсон. Энэ хэмжээгээрээ ажлын байрны шаардлага нэлээд өндөр хувьтай байдаг. Ялангуяа залуучуудыг  өөрийнх нь  сонгосон мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах талаар хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтарч ажил зохион байгуулсан. Бид нар өнгөрсөн сард хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн аяны нээлтээ хийсэн.Нэлээд олон аж ахуйн нэгжийн байгууллага төрийн бус байгууллагатай хамтраад энэ ажлыг эрхэлж байгаа. Ийм ажлууд хийгдэж эхлээд явж байна даа.

-Энэ сард ямар ямар ажлууд хийгээд байна вэ?

-Энэ сард гол нь хаврын улирал эхэлж урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дүүргийнхээ орчны тохижилт, нутаг дэвсгэрийн байдлыг хангах  чиглэлээр ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа энэ сард хороодынхоо цэвэрлэгээний ажилд анхаарч ажиллана. Иргэдийн маань амьдрах орчин цэвэрхэн, хороо цэвэрхэн байх нь тохижилттой дүүрэг болоход  чухал  нөлөө үзүүлнэ. Ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа.Энэ жил хөрөнгө оруулалтын ажлаар шинэ шинэ гудамж талбайны тохижилтууд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай, сургуулийн өргөтгөл цэцэрлэгийн шинэ барилга олон ажлууд хийгдэнэ. Үнэлгээний хороод ажлаа эхлээд, үнэлгээний хорооны нэгдсэн хуралдаан болсон байгаа. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалт, дээр нь дүүргийн өөрийнх нь хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг үнэлгээний хөрөнгө оруулалтаар оруулаад тендер шалгаруулах ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа.

-Ирэх 180 хоног буюу дөрөв, тавдугаар сард ямар ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-Ирэх сард бүтээн байгуулалтын ажлууд маань хийгдэж эхэлнэ.Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны ажил дүгнэгдээд гэрээ хэлцэл хийгдээд бүтээн байгуулалтын ажлууд  хийгдэнэ ээ.Тендерт оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын гүйцэтгэлд хяналт  тавих, ялангуяа тохижилтын ажлууд хийгдэнэ. Бид нар энэ жил Дүүргийнхээ өндөрлөгийг шинээр барьж байгуулах гэж байна. Манай дүүрэг дээр дөрвөн хороо шинээр нэмэгдэж байгаа.Энэ хороодын цогцолбор байр шинээр баригдана. Энэ хаврын ажлаар гадаад харилцаа хамтын ажиллагаанд нэлээд төсөл хэрэгжүүлж байгаа. Саяхан дүүргийн удирдлагууд АНУ-ын олон улс хотуудын холбооны тусгай чуулганд  урилгаар оролцоод ирсэн.Ази болон Африк,Америкийн орнуудтай нээлттэй албаны өдөрлөг зохион байгуулахыг зорьж байгаа.

-Танай дүүргийн иргэдээс ямар санал хамгийн их ирдэг вэ.Түүнийг барагдуулахад яаж анхаарч ажиллаж байна вэ?

-Иргэдээс ирж байгаа гол асуудал газрын асуудал байдаг.Дээр нь хогын  асуудал явж байгаа.Хогын  асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа.Манай дүүргийн зорилт бол хоггүй дүүрэг болох явдал юм.Хуучин дүүргийн хэмжээнд 106 хогийн цэг байсан.Үүнийг шат дараалсан арга хэмжээгээр арилгасан. Одоогоор хоёр цэг байгаа.Чулуун овоотын цэг,Дарь-эхийн цэг байж байгаа.Энэ хоёр цэгийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Газрын асуудал хүндрэлтэй яагаад гэвэл дүүрэг дээр хүн амын шилжилт их байдаг.Өдрөөс өдөрт шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байгаа.Үүнтэй холбоотойгоор газрын эрэлт их байна.Иргэд маань ямар нэг зөвшөөрөлгүй газар  өөрөөр хэлбэл өндөр хүчдэлийн доор эсвэл үер усны аюултай газар буух тохиолдол их гардаг.Бид үүнээс урьдчилан сэргийлэх замаар иргэдтэй уулзаж учир байдлыг тодруулж хэлж байгаа.Газрын асуудлаар иргэдтэй аль болох илэн далангүй  ил тод мэдээллээр хангаж харилцан ойлголцож ажиллахыг хичээж байгаа.

- Иргэддээ илүү их ойртож ажиллахын тулд юу хийж байна вэ.

-Манай уламжлалт ажил бол засаг даргын өдөр гэж байдаг. Энэ өдөр засаг даргын тамгын газар,  засаг даргын дэргэдэх хэлтэс албадууд бүрэлдэхүүнээрээ очиж газар дээр нь иргэдтэй уулзаад ,  асуудлыг газар дээр нь шийддэг. Өөрөөр хэлбэл засаг даргын явуулын оффис ажиллаж байна гэсэн үг. Энэ бол манай гол уламжлалт ажил байгаа юм.Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон хүргэх зорилготой дээр нь энэ жилийн нэг онцлог нь дүүрэг маань төр захиргааны шинэ ордонтой болсон.  Зөвхөн тамгын газар биш засаг даргын бусад хэлтэс албадууд орсноор иргэд нэг цэгийн үйлчилгээ хүртэх боломжтой болсон билээ.Энэ бас манай ажлын дэвшилтэт  тал юм.

-Энэ  онд танай дүүрэгт босож байгаа хамгийн том бүтээн байгуулалтаасаа дурьдаач?

-Хамгийн том бүтээн байгуулалт гэх юм бол  дүүргийн арван гурав дугаар хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Усан бассейн спорт “цогцолбор байр барьж ашиглалтад оруулна. Газрын асуудал нь шийдэгдсэн байгаа. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн спортын төв ордон барихыг зорьж байна. Бас залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх талаар хаалттай битүү дээвэртэй мөсөн каток  дөрвөн улиралд ажиллахаар ийм цогцолбор барьж ашиглалтад оруулна.15 -р хороон дээр дүүргийн маань ахмадууд цугладаг газрыг цэцэрлэгжүүлж усан оргилуур барьж байгуулах ийм ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байгаа.

-Дүүргийн иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Иргэддээ хэлэхэд иргэн төр захиргааны байгууллагын хамтын ажиллагаа маш чухал байдаг. Дүүргээс иргэддээ хүрч ажиллахын тулд сар болгон Баянзүрх хөгжил гэсэн сонинг 20 мянган хувь гаргаж иргэддээ үнэгүй тараадаг байгаа. Иргэд маань иргэнийхээ үүргийг сайн биелүүлээд  төр захиргааны ажилд өөрийн санаачилгаар оролцох аливаа тулгамдаж байгаа ажлаа хамтарч шийдэх боломжтойг хэлмээр байгаа юм.Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэдийн маань ухамсар дээшилсэн байна. Хороо, дүүрэг нийслэлийнхээ төлөө санаа зовдог болсон байна.Энэ бол маш сайшаалтай авууштай байдал юм аа. Ингээд нийт Баянзүрх дүүргийн иргэддээ хамгийн сайн сайхан бүгдийг хүсье.

 

Ярилцсан Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.