Монгол улсад хоёр танхимтай парламент хэрэгтэй, хэрэггүй
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд улс төрийн намуудын удирдлагуудтай уулзалт хийх үеэр парламентаа хоёр танхимтай болгох санал хэлсэн. Европын холбооны улсаас бусад дэлхийн 51 улс хоёр танхимтай парламенттай байдаг аж.
Ерөнхийдөө Африк, Арабын орнууд манайх шиг нэг танхимтай парламентыг сонгожээ. Гэхдээ манай улсын хувьд 1990 онд хоёр танхимтай парламенттай байх эхлэлийг тавьж байсан. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс нэг танхимтай парламентыг сонгосон учир АИХ халаагаа УИХ-д шилжүүлсэн. Харин одоо 18 жилийн өмнө хөндөгдөж байсан хоёр танхимтай парламенттай болох санал дахин сөхөгдөж эхлэв. Одоогоор энэ нь МАН-ын удирдлагуудын гаргасан санал төдий зүйл байгаа. Энэ асуудалд УИХ-ын Гишүүд ямар байр суурьтай Байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 2012 оноос өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй
Хоёр танхимтай парламенттай улсууд байдаг л даа. Нэг нь мэргэжлийн танхим, нөгөө нь зөвхөн улс төрийн танхимтай байдаг. Миний мэдэж буйгаар Япон улсын парламент хоёр танхимтай. Энэ улсын хувьд хоёр танхимын хэрэг алга, зардал ихтэй, парламентаас гарах шийдвэр удаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Монгол Улсын парламент хоёр танхимтай болно гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг явуулах шаардлагатай. Өнгөрсөн УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Энэ дагуу явах ёстой гэж бодож байна. Миний бодлоор 2012 оны сонгуулиас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй байх. Үсрэнгүй том өөрчлөлт хийж байхаар өнөөдрийн тогтолцоогоо шинэчлэн сайжруулах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: Сонгуулийн маргаан цэгцэрнэ
Хоёр танхимтай парламент байж болох л хувилбар. Дээд. доод танхим нь зөвшилцөлд хүрээд асуудлыг илүү зөв талаас нь харах боломжтой. Ер нь ч тэгээд парламент хоёр танхимтай болсноор шийдэж чадахгүй байгаа асуудал болоод сонгуулийн маргаан цэгцэрнэ. Тиймээс хоёр танхимтай болох саналыг дэмжиж байна. Энэ ажлыг 2012 оны сонгуулиас өмнө шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Хүмүүсийн анхаарлыг сарниулах гэсэн арга
Оюу толгойгоо гадаадынханд зүгээр шахуу өгчихсөн, Таван толгойгоо хамгийн муу хувилбараар гэрээг нь байгуулчихсан байж одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, хоёр танхимтай парламент гээд яриад байгаа нь буруу. Гэрээ хэлэлцээр байгуулж чадахгүй байгаа юм чинь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй. Цаг нь болоогүй байхад парламентаа хоёр танхимтай болгоно гэж ярьж байгаа нь хүмүүсийн анхаарлыг сарниулах гэсэн арга гэж харж байна. Сөрөг хүчингүй ийм парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Хоёр танхимтай парламенттай болох цаг нь болоогүй байна.
УИХ-ын гишүүн З.Энхболд: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэдэн намын дарга шийдэхгүй
1990 онд хоёр танхимтай парламенттай байх боломж байсан. Гэхдээ үүнийг сонгоогүй. Холбооны улсуудад хоёр танхимтай парламент илүү таардаг. 1990 оноос ч өмнө манайх хоёр танхимтай парламенттай байсан. Жилдээ ганц удаа цугладаг юугаа ч мэдэхгүй УИХ-тай байсан. Үндсэндээ доод танхим ямар ч үүрэггүй л байсан шүү дээ. 20 жил төлөвшүүлэх гэж ядаж байгаа нэг танхимтай парламентаа нураах гээд яах вэ. Үндсэн хуулийн зарчмыг өөрчлөх хэрэггүй. Ер нь, тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэдэн намын дарга нар ширээ тойрч сууж байгаад шийдчихдэг зүйл биш.
П.Ариун
Ардчилал