2010.10.25

Жинст сумын хүн эмнэлэгт Х.Баттулга хувиасаа УАЗ-469 маркийн шинэ автомашин бэлэглэлээ

-Д.Энхшүр: Сумын эмч нарыг хавдрын чиглэлээр сургах шаардлагатай-

Баянхонгор аймгийн Жинст сумын хүн эмнэлэгт тус аймгаас УИХ-д сонгогдсон ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хувиасаа УАЗ-469 маркийн шинэ автомашин бэлэглэлээ. Өмнө нь эмнэлгийн үйлчилгээнд явж байсан автомашиных нь эдэлгээ хугацаа дуусч, актлагдсан тул иргэдэд тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байсан гэнэ. “Шинэ машинтай болсон болохоор сумаас алслагдмал аж төрдөг иргэдээ эргэх боломжтой боллоо” хэмээн эмнэлгийн эрхлэгч Д.Энхшүр хэлж байв. Түүнийг шинэ машиныхаа түлхүүрийг гардаж авахаар ирээд байхад нь, сумын эмнэлэг үйлчилгээний талаар цөөн хором ярилцлаа.

-Сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд автомашин чухал шаардлагатай байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Сумынхан чинь төв суурин газраас шал өөр дөрвөн улирлаа дагаад нүүдэллэж байдаг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд автомашин чухал шаардлагатай байдаг юм. Сумаас 120 километр алслагдмал, бартаа ихтэй газарт аж төрдөг өрхүүд ч бий. Тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй байлаа. Харин Х.Батулга сайд хувиасаа УАЗ-469 маркийн шинэ автомашин бэлэглэлээ. Энэ нь сумын 2000 гаруй иргэнд үзүүлж буй том тус нэмэр юм. Сумынхаа иргэд болон хүн эмнэлгийнхээ зүгээс баярласнаа илэрхийлье.

-Танай сумын эмнэлэгт өөр хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Нэг үеэ бодвол дэд бүтэц их сайжирсан. Одоо аймгийн хэмжээнд гурваас бусад сум нь цахилгаантай болж, харьцангуй нөхцөл байдал сайжирч байна. Гэхдээ хөдөөний нөхцөлд янз бүрийн зовлон бэрхшээл байлгүй яах вэ. Зун нь их халуун, өвөл нь хэт хүйтэн болдог боллоо. Ган зудтай холбоотойгоор өвчлөл нэмэгддэг. Түүнчлэн өвчлөл эрс өөрчлөгдөж байна. Улсын хэмжээнд тулгамдаад байгаа шинэ болон сэргэж буй халдварууд ч сумын хэмжээнд ч анхаарал татаж байна.

-Жинст сумын хүн амын дунд ямар төрлийн өвчлөл их байна вэ?

-Амулаторийн тухайд зүрх судас, бөөр, шээсний зам, арьс харшлын өвчлөл зонхилон тохиолдож буй өвчний эхний гуравт орж байна. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн тухайд амьсгалын замын өвчин, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтний өвчлөл их байдаг. Сүүлийн үед хавдарын өвчлөл нэлээн нэмэгдэж байгаа. Мөн суманд нас баралтын хоёр дахь шалтгаан нь осол гэмтэл. Энэ нь малчид мотоцикль их унадагтай холбоотой л доо.

-Төв суурин газрынханыг бодвол, хөдөөгийнхөн бие сайтай, задгай агаарт харин ч эрүүл байдаг гэж ойлгодог. Гэтэл хавдар нэлээд гарах болсон гэлээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Хоол хүнснээс шалтгаалдаг байх. Төв суурин газрын иргэд харьцангуй олон нэр төрлийн хоол хүнсэндээ хэрэглэдэг бол хөдөөнийхөн чинь дөрвөн улирлын турш өөх, тосоо хэрэглэдэг шүү дээ.

-Сумын эмнэлэгт хавдар оношлох боломжтой юу?

-Хавдар ихэвчлэн хожуу үедээ оношлогдож байна л даа. Нэг талаар урьдчилан сэргийлэх үзлэг хангалтгүй хийж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр урьдчилан сэргийлэх үзлэг хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байгаа юм. Одоо чинь бүх сум эхо оношлууртай болсон. Хэрэв сумын эмч нарыг дотор эрхтний хавдрын чиглэлээр сургаад чиглүүлээд өгвөл сумын төвшинд дотор эрхтний хавдрыг илрүүлэх оношлох боломжтой.

Г.Сансар
Эх сурвалж: Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.