Оюутны шинэ хотхонтой болох ажил хэрэгжиж эхлэх гэж байна
2011.03.26

Оюутны шинэ хотхонтой болох ажил хэрэгжиж эхлэх гэж байна

Нийслэл хотыг их, дээд сургууль, оюутнуудаас "чөлөөлөх" ажил шуударч эхэллээ. Налайхын Шивээтийн хөндийд их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, худалдаа үйлчилгээний цогцолбор байгуулах тухай Засгийн газрын шийдвэр хэт холын мөрөөдөл мэт сонсогдож байсан бол зураг төслийн ажил нь ерөнхийдөө дуусаж ирэх тавдугаар сарын 1-нээс барилгын бэлтгэл ажлыг нь эхлүүлэхээр болсон байна.

111Оюутны хотхоны архитектурын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт "Говь трэвэль" компани шалгарсан. Энэ компани хариуцсан ажлаа өнгөрсөн хугацаанд шуурхай хийж, шинэ хотхоны дүр зургийг тодорхой болгожээ. Оюутны хотхонд аль нэг сургуулийн эзэмшил газар гэж байх ёсгүй. Харин техник технологи, нийгмийн шинжлэх ухаан,мэдээлэл, технологийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны бүс гэх зэргээр төрийн өмчит таван их, дээд сургуульд тулгуурлан бүсчилсэн загвар боловсруулсан байна. Шинэ хотхонд биеийн тамирын иж бүрэн цогцолбор, бөхийн өргөө, театр, номын сан, эмнэлэг гээд бүхий л төрлийн үйлчилгээний байгууллага байх аж. Гэхдээ эдгээр байгууламж нь зай талбайн хувьд хангалттай том. Жишээ нь, зөвхөн театр л гэхэд Улсын драмын эрдмийн театраас том.

Номын сан барих газар нь Сүхбаатарын талбайгаас 2 дахин том байхаар төлөвлөлтөд тусгажээ. Түүнчлэн оюутнуудаас гадна багш, ажилчдад зориулан 200 га газарт орон сууц барина. Нэгэнт энд оюутнуудаас гадна багш, ажилчид байнга оршин суух учраас орон сууцны хорооллын ойр орчимд дунд сургууль, цэцэрлэг, ясли, худалдаа үйлчилгээний төв, автомашины гарааш зэргийг барихаар төлөвлөсөн байна. Энэ том бүтээн байгуулалтад эхний ээлжид 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.  Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг зөвхөн төрөөс бус, хувийн хэвшлийнхэнтэй хамтран бүрдүүлэх юм.Ингэхдээ сургуулиудын хичээлийн байр, лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан, биеийн тамир спортын цогцолбор болон бусад дэд бүтцийг барьж байгуулах зардлыг төсвөөс гаргана. Харин багш, оюутны орон сууцыг хувийн компаниуд барьж байгуулах боломжтой гэж үзжээ. Эдгээр ажлыг бага зардлаар гүйцэтгэхийн тулд барилгын компаниудад орон сууц барих газрыг үнэгүй өгөх нь зөв хэмээн шийдвэрлэжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.