УИХ-ын хянан шалгах эрхийг илүү боловсронгуй болгоно
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг нар өөрсдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай", “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Хуулийн төслийн үзэл баримтлалд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Долдугаар бүлэгт Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн тухай асуудлыг зохицуулсан байдаг боловч уг зохицуулалтууд нь Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хангалтгүй, өнөөгийн нөхцөлд тохиромжгүй, зөрчилтэй байдал үүссэн, гишүүдийн тэгш байдлыг хангаагүй байгааг засан, боловсронгуй болгохоор Монгол Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, илүү боловсронгуй болгох, Засгийн газрын мэдээлэл хэлэлцдэг дэгийг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг үндэслэн төсөл санаачлагчид дээрх хуулиудын төслийг боловсруулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийн төсөл, “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.