Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ
Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад cap хүрэхгүй хугацаа үлдлээ. Тус төвийн мэргэжилтнүүдийн ярьж буйгаар бол 2010-2011 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 39 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой хэмээн урьдчилсан байдлаар тооцоолжээ. Харин өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Хөдөө орон нутгийн хувьд бүртгэл 70-80 хувьтай байгаа бол нийслэлд 50 хувьтай явж байна. Сурагчдын амралт эхэлснээс хойш Улаанбаатарын төгсөгчид идэвхтэй бүртгүүлжээ. Удахгүй шалгалт авах өдөр зарлагдана. Боловсролын үнэлгээний төвөөс Шалгалт авдаг хичээлүүдээ нэгтгээд дөрвөн төрлийн тестийн эмхэтгэл гаргасан байна. Математик-физик, хими-биологи,газарзүй, нийгэм-түүх, монгол хэл- гадаад хэл гээд нэгтгэсэн байгаа.Тухайн элсэгч сонгосон хичээлийнхээ дагуу тестийн номоо авах боломжтой. Боловсролын үнэлгээний төвөөс 2006-2010 оны элсэлтийн шалгалтад ирсэн материалыг эмхэтгээд 100 мянган тестийн ном гаргаж орон даяар тараах юм. Гэхдээ зөвхөн тухайн төвөөр дамжуулан номыг худалдан авах боломжтой юм байна.Үнийн хувьд 7000-8500 төгрөгөөр худалдаалагдаж байна.