Ашигт малтмалын тухай хуулийн эхний төсөл бэлэн болжээ
2011.03.28

Ашигт малтмалын тухай хуулийн эхний төсөл бэлэн болжээ

Манай улс уул уурхайн салбарт түшиглэн хөгжих зураглалыг эдийн засагчид гаргаж байгаа. Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд уран, газрын тосны ордуудыг ашиглаж эхлэх ойрын хэдхэн жилд эдийн засгийн дундаж өсөлт 10 хувиар хэмжигдэж. Монголыг чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэх тооцоо ч бий. Гэхдээ бuul_uurhaiайгалийн баялгаа өгөөж болгоход нөлөөлөх гол зүйл нь хууль эрх зүйн орчин.

 

Баялгаа ашиглах уу, алдах уу гэдэг нь Ашигт малтмалын тухай хууль хэр тодорхой, зохицуулалт нь ойлгомжтой байхаас шалтгаална гэсэн үг. Гадны хөрөнгө оруулагчид ч эл хуулийн тогтвортой хэрэгжилтэд илүү анхаардаг. Ашигт малтмалын тухай хуульд байсхийгээд л “гар хүрч”, заалтуудыг нь өөрчлөх явдал өнгөрөгч жилүүдэд цөөнгүй хөрөнгө оруулагчийг үргээсэн байхыг үгүйсгэхгүй.

 

Тиймээс хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх ёстой цаг нь яах аргагүй өнөөдөр. Тэр тусмаа уул уурхайд түшиглэн хөгжих гэж байгаа улс орны хувьд гол хөзөр нь Ашигт малтмалын тухай хууль билээ. Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг таван сар боловсруулсан хуулийн төслөө салбарын яамандаа хүргүүлжээ. Энэ дагуу ЭБЭХЯ-нд ажлын хэсэг байгуулагдсан агаад бусад яамны саналыг авах төвшинд явж байгаа аж.

 

Өмнө нь батлагдаж, нэмэлт өөрчлөлт орж байсан хуулиудаас энэхүү Ашигт малтмалын тухай хуулийн төсөл юугаараа ялгаатайг сонирхлоо. Хуулийн төслийг боловсруулахдаа 200-гаад компани, иргэний нийгмийнхэн, төрийн болон төрийн бус байгууллага, аймгуудаас ирүүлсэн 300 гаруй саналыг нягталжээ. Мөн Австрали, Чили, Канад зэрэг зургаан орны хуультай харьцуулсан судалгаа хийсэн байна.

 

Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт бусад хуультай хэрхэн зөрчилдөж байгаад судалгаа хийж, тэр бүхнийг залруулахыг хичээсэн гэнэ. Ер нь л хуулийг яг хэрэгжүүлдэг байгууллагын мэргэжилтнүүд боловсруулсан учир “бодитой, амьдралд нийцсэн” гэж төсөл боловсруулагчид дүгнэсэн юм.

Д.Элбэрэлт
Эх сурвалж: “Монголын үнэн”

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.