Монголчууд бусдад үзүүлэх юмтай ард түмэн гэдгийг харуулах учиртай
2011.03.31

Монголчууд бусдад үзүүлэх юмтай ард түмэн гэдгийг харуулах учиртай

elbegee_tseneМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Барилга архитектор корпорацийн ерөнхий захирал, академич Д.Хайсамбуу Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолборын зураг төслийг өнөөдөр танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай” 2010 оны 216 дугаар зарлигт ийм цогцолборыг дэргэдээ хүүхдийн “Тэмүүжин” цэнгэлдэх хүрээлэнтэйгээр үе шаттай байгуулахаар заасан юм.

 

Үүний дагуу  зураг төслийг нь бэлтгэж, загварыг хийсэн юм байна. Цогцолборыг Богд уулын ус, ургамал тэгш баруун урд энгэр дэх Түргэний ам гэдэг газар өмнө болон наран ургах зүг чиглүүлэн байгуулах бөгөөд Улаанбаатараас 40 км, Хөшигтийн хөндийд шинээр босох Олон улсын нисэх онгоцны буудлаас 30 км зайтай байрлах юм байна. Энэ байгууламж Монголын тулгар төр үүсэн хөгжсөн 2220 жилийн түүхэн замнал болон дэлхий дээр монгол үндэстэн анх бий болсон үе үеийн түүхийг өдгөө, ирээдүйтэй нь дэлгэрэнгүй харуулах ажээ. Зорилго нь хүн ардынхаа үндэсний ухамсар, их түүхээрээ бахархах үзэл санааг төлөвшүүлэх, монгол үндэстний шинж чанарыг дэлхийд үзүүлэхэд оршино гэж академич Хайсамбуу ярив. Цогцолбор нь Ёслол хүндэтгэлийн дэлхий хэлбэртэй өргөө, Дэлхийн нүүдэлчдийн түүх соёлын төв, Хүннү судлалын музей, Палентеологийн музей, XX зууны монголчууд гэрэл зургийн галерей, таван одтой зочид буудал, хот мандал, уран баримал, зураг, хувцас өмсгөлийн онцлогийг тусгасан Зан үйлийн өргөө, Чингис хааны сар хэлбэртэй ордон, хүүхэд залуусын авьяасаар бүтсэн шилдэг бүтээл байрлах Хүүхдийн урлалын ордон музей зэргээс бүтэх юм байна.

 

Нийт 46.8 тэрбум төгрөгөөр энэ цогцолборыг босгох тооцоо хийжээ. Хажуудаа хүүхдийн “Тэмүүжин” цэнгэлдэх хүрээлэнтэй байх бололтой юм.

 

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Ийм  санаа, ийм зарлиг гаргах үндэс нь монголын ард түмний өв соёл, ёс заншилтай холбоотой. Сэтгүүлчдэд хэлэхэд энэ зарлиг нэг их яригдаагүй ч Засгийн газар төслийг нь хэлэлцсэн тэмдэглэл ч бий. Мөн ойнуудыг тэмдэглэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж байгаа. Үүнийг эрх зүйн талаас нь хэлж байна.

 

Энэ танилцуулга бол төслийн хэмжээнд хийж буй зүйл гэж ойлгож байна. Хэн нэгэн өмчлөх асуудлыг одоохондоо ярихгүй байх. Үндэслэлээ тодруулахад Улаанбаатар хот тэлэх ёстой. Бас монголыг сонирхох явдал дэлхий нийтэд нэмэгдэж байна. Монголын хөгжлийн нэг чухал түлхүүр бол аялал жуулчлал байна. Иймээс монголчууд бусдад үзүүлэх юмтай ард түмэн гэдгийг харуулах учиртай. Харин  үйл ажиллагааг нь амьд байлгах үүднээс төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэл зүгээр болов уу.

 

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлаас тавих зам энэ цогцолборын хажуугаар дайрах юм. Нөгөөтэйгүүр манай түүх соёлын үзмэрүүдийг хадгалах нөхцөл хүндхэн байгаа. Зарим нь алдагдаж байна. Монголчуудын энэ өв соёлд зарим хүн их хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байна. Өөр нэг зүйл гэвэл манай музейн үйлчилгээ орчин үеийн үзэгчдэд таашаал өгч чадахгүй байна. Энэ бүхнийг төр, хувийн хэвшил хамтарч байж л өөд татах боломжтой юм уу гэсэн санаа төрсөн. Монголчууд энд үлэг гүрвэлийн музей байгуулчихвал үзүүлэх олдвор нь их бий. Гадны жуулчин говьд очоод нэг үлэг гүрвэлийн яс оллоо гэхэд түүнийг энэ музей худалдаад авчихдаг байх хэрэгтэй. Академич Р.Барсболд гуай намайг Ерөнхий сайд байхад л энэ олдвороо байрлуулчих сав хэрэгтэй гэж ярьдаг байсан. Одоо байшингийн доод хонгилд хэцүүхэн нөхцөлд хадаглагдаж байгаа тэр их олдворыг энэ цогцолборыг байгуулснаар гаргаж үзүүлэх боломж нээгдэнэ. Сая гаруй хүнтэй ийм том хотод хүүхдүүд нь амрах өөр цэнгэлдэх хүрээлэн хэрэгтэй байна. Хөгжингүй орнуудыг  харахад хотоосоо 50-60 км зайтай тийм цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй байдаг. Тиймээс хүмүүс гадаадынхан гэхээсээ илүү өөрсдөө хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ тэнд зөвхөн музей үзэх төдийгүй цэнгэлдэхэд тоглож, буудалд нь тухлах орчин бүрдэх ёстой гэж бодсон. Энэ санаагаа Ерөнхий сайдтай яриад, Байгаль орчин, аялал жуулчлалын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамдтай хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр энэ санаа танилцуулах хэмжээнд хүрсэн учраас бид энд цуглаад байна.

 

Энэ том цогцолборыг барихад зам, цахилгаан, бохирын шугам гээд олон асуудал шийдэх ёстой. Засгийн газар нөхцөлөө тавиад тендер зарлах хэрэгтэй болов уу. Төр  газраа, үзүүлэх зүйлээ гаргая. Барилга барих ажил, үйлчилгээ, зохион байгуулалт, менежментээ хувийн хэвшил нь хийг.  Ингэж л хийхгүй бол энэ явахгүй. Төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг гэрээгээр зохицуулагдах ёстой. Магадгүй хувийн хэвшил голлосон аж ахуй байхад ч зүгээр болов уу. Гэхдээ төрөөс эцсийн шийдвэр гараагүй тул хэн нэгэн өмчлөх гэсэн асуудал байхгүйг дахин анхааруулья. Та бүхний энэ танилцуулж буй зүйл бол төрийн шийдвэрт үндэслээд ард иргэдийн санаачилгаар өрнөж буй ажил гэж бодож байна. Үүнийг бодит ажил болгоход Ерөнхийлөгч, түүний Тамгын газар Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамтарч оролцоход бэлэн байна. Хувийн хэвшлийнхэнд ч ингэж хамтран ажиллах сонирхол байдаг юм шиг санагддаг. Урд нь надад ийм санал хэлж байсан. Газрын асуудал шийдэгдэж байгаа юм байна. Дэд бүтцийн асуудлууд ч нааштай байгаа гэж ойлголоо. Хамгийн гол анхаарах нэг зүйл бол хүүхдийн парк. Хүүхдүүд тоглох, тэдний сонирхлыг татах орчин үеийн нөхцөл тэнд бүрдэж байж л ийм том цогцолбор амьдарна гэдгийг бодох хэрэгтэй. Сая гаруй хүн амтай их хотынхонд амрах, алжаалаа тайлах бас нэг гэрэл гэгээтэй зүйлийн эхлэл болоосой гэж бодож байна” гэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.