Иргэдээр сайн дурын, урамшуулалтай эргүүл хийлгэнэ
Хуульзүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас “Аюулгүй амар, тайван орчин” аяныг өрнүүлэн «Сайн дурын эргүүл» гэх зэрэг ажлыг иргэдийн дунд зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд энгийн иргэд эрүүл хийж, гэмт хэрэг илрүүлэх боломжтой юм. Эргүүлд оролцох хүн нь Монгол улсын иргэн 18-60 насны ямар нэг сэтгэцийн өвчингүй эрүүл байх ёстой. Эргүүлд гарахын тулд эхлээд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс дээр очин бүртгүүлж, 4-р сарын 23 нд болох нэгдсэн арга хэмжээнд оролцох юм. Иргэд эргүүл хийх явцдаа хэрэг зөрчилтэй таарсан тохиолдолд яаралтай хөдөлгөөнт эргүүл нарт мэдээлж, гэмт хэргийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Ингээд нэг удаа эргүүлд гарахад 10000 төгрөгийн “цалин” олгох юм. Хэрвээ иргэн өөрөө хүсвэл цаашдаа цагдаагийн байгууллагатай хамтарч сайн дурын эргүүл хийж болох юм байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангахад дан ганц цагдаагийн байгууллагыг зүтгүүлэх бус иргэдийн өөрсдийнх нь оролцоо хэрэгтэй гэж цагдаагийн газраас үзжээ. Улаанбаатар хотын хувьд Баянзүрх, Сонгино-хайрхан дүүрэгт хамгийн их гэмт хэрэг, зөрчил гардаг нь тогтоогдсон. Дүүргүүд дотроо ихэвчлэн захын гэр хороолол, харанхуй гудамжинд хэрэг үйлдэгддэг ажээ. Иймээс Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран Олон нийт, Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийг туршиж үзсэн нь амжилттай болжээ. Энэхүү туршилтаар гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэдийн оролцоо чухал нь тодорхой болсон байна. Иймд Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг дэмжиж, улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тус хөтөлбөрийн албан ёсны хэрэгжилт эхэлж байна. Түүнчлэн хороо, баг, айл өрхүүдийн хүрээнд дөрөвдүгээр сарын 22-нд хөршийн холбоо, иргэдийн бүлэг санаачилга дээр үндэслэсэн сайн дурын эргүүлийн ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр цаашид сайн дурын урамшуулалтай эргүүлийг тогтмол ажиллуулж, тухайн баг, хорооныхоо цагдаагийн хэсэгт бүртгүүлдэг болох юм байна. "Аюулгүй, амар тайван орчин" сэдэвт аяны тухай ЦЕГ-ын албан ёсны мэдээллийг үзэх бол ЭНД дарж үзээрэй.
Т.Наранцэцэг