Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн хууль батлагдаагүй байхад нийслэлийн Засаг даргын тамгын газар хөдөлмөр эрхлэлтийн алба байгуулаад өмнөх хуулиа зөрчиж байгаагаа засч залруулах хэрэгтэй. УИХ-ын тогтоолоор тогтоогоод өгсөн бүтцийг эвдээд байгаа асуудлаа цэгцлэхгүй бол энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэлээ. Харин Ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын саналыг албан ёсоор ирүүлээгүй гэдгийг С.Бямбацогт гишүүн хэлсэн. П.Алтангэрэл гишүүн намын бүлгийн даргын гарын үсэгтэй ажлын хэсэгт өгөх албан ёсны саналаа Д.Арвин даргын үед өгсөн гэсэн юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хойш тавилгүй хэлэлцэх хэрэгтэй. Өнгөрсөн жилээс хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэлэлцүүлгийн явцад буруу зөрүүгээ засаад саналаа хэлээд явбал яасан юм бэ гэсэн саналыг Д.Дондог гишүүн гаргасан. П.Алтангэрэл гишүүн хуулийн төслийг хэлэлцэхгүй гээгүй. Бүлэг дээр саналаа сонсоё, хуулийн зөрчлөө засая гэлээ. Ингээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг энэ удаа хойшлуулж, намын бүлэг дээр яаралтай хэлэлцэн дахин оруулж ирэх шийдвэрийг Байнгын хороо гаргалаа.
Үүний дараа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах нь хэр оновчтой талаар гишүүд санал зөрөлдөөнтэй байлаа. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн бусад оронд Анагаах ухааны их сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Жишээ нь манайхан БНСУ-ын Àнагаах ухааны их сургуулийн дэргэдэх эмнэлэгт очиж оношлогоо хийлгэж эмчлүүлдэг гэсэн бол Д.Оюунхорол гишүүн ЭМШУИС нь дэргэдээ эмнэлэгтэй байх уу, үгүй юу гэдгийг заавал хуулиар зохицуулах шаардлагагүй. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэргэдээ эмнэлэгтэй. Үүнийг хуульчлаагүй, үүн дээр маргаад байх шаардлагагүй. Дэргэдээ эмнэлэг байгуулах эсэхээ ЭМШУИС өөрсдөө шийдээд явах бүрэн бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байлаа. Мөн энэ асуудал нь хоёр яамны алинд нь харьяалагдах, төсөв санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон асуудлыг гишүүд хөндсөн юм. Эцэст нь хуулийн төслийн 15 дугаар зүйлд анагаах ухааны их сургуулийн дэргэд эмнэлэгтэй байна гэсэн заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.