Эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна
Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ сарын 4-нөөс эхлэн сарын хугацаатай зохион байгуулж байна. 30-49 насны бүхий л эмэгтэйчүүд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үнэ төлбөргүй үзүүлж, эсийн шинжилгээ өгөх боломж бүрджээ. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар болон хөхний хавдрын өвчлөл өсөх хандлагатай болсон. Тиймээс дээрх өвчлөлүүдээс сэргийлэх, эмчлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байгаа аж. Эмэгтэйчүүд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл тэд 30 хүрэхээрээ эмнэлэгт үзүүлэхээс цааргалж эхэлдэг байна. Ямарваа нэг өвчлөлөөс сэргийлэх хамгийн зөв алхам нь тогтмол хугацаанд шинжилгээнд хамрагдах юм. Тиймээс үнэ төлбөргүй шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэхийг Эрүүл мэндийн газраас уриалж байна.