"Цэнхэр, ягаан" тасалбар зарим иргэдийг саятан болгож байна
Өнгийг нь мартах шахуу байсан цэнхэр, ягаан тасалбар нь 20 жилийн дараа үнэт цаасны хадгаламж дахь данс гээчид мөнгө болоод орчихсон байж. Ийм баярт мэдээг ойрын өдрүүдэд олон хүн сонсжээ.
Нэгэн жишээ татья. Иргэн Т.Сувдаа нь аль компани хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэхгүй учир үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж регистрийн дугаараараа хайлт хийлгүүлэн, шалгуулжээ. Гэтэл түүний өөрийнх бас гурван дүүгийнх гээд нэг айлын дөрвөн хүүхэд нийлээд Багануур ХХК-ын 775 ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа мэджээ. 1991 онд тус компаний нэг ширхэг хувьцааны ханш 50 төгрөг байсан бол өнөөдрийн нэг ширхэг ханш нь 23000 төгрөг болсон байгаа юм байна. Ингээд Сувдаа 775 ш хувьцаагаа худалдахад 17сая 850.000 төгрөг болж, бас дээр нь 1994 оноос хойш аваагүй хувьцааны ноогдол ашиг нь нэмэгдэж, тэрээр саятан болсон сайхан явдал болжээ. Энэ бол үнэхээр гайхмаар сайхан зүйл байгаа биз.
Та ч гэсэн хувьцаа эзэмшигч бол эсвэл хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэхгүй байгаа бол Хөрөнгийн бирж дээр “оочирлоод” үзээрэй. Таны регистрийн дугаараараа хайлт хийлгүүлэхэд, ямар компнаи хувьцаа эзэмшдэг, таны дансанд хэдэн төгрөг байгаа, хувьцааны ханш чинь өнөөдөр хэдэн төгрөг хүрсэн байгаа гээд бүх л мэдээлэл гарч ирэх юм. Нас барсан хүний хувьцааг ч үр хүүхэд, төрөл төрөгсөд ноогдол ашгийг нь авч, худалдаж, өвлөж болох аж. Хэрвээ та хувьцаа байршиж байгаа компаниудын өнөөгийн ханшийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж үзэж болно.
Т.Наранцэцэг