Хөшигтийн хөндийн онгоцны буудал жилд 1,4 сая хүнд үйлчилнэ
2011.04.07

Хөшигтийн хөндийн онгоцны буудал жилд 1,4 сая хүнд үйлчилнэ

Монгол Улсын эдийн засаг уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ойрын жилүүдэд тасралтгүй, өндөр хурдацаар өсөх нь тодорхой болоод байна. Хүн болгоны яриад байгаа, Оюутолгойн уурхайн 2011 оны төлөвлөсөн хөрөнгө оруулалт гэхэд л ongost-2хоёр тэрбум доллар байгаа нь, манай улсын 2009 оны дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байна. Зарим эдийн засагч дараагийн арван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө гэж таамаглаж байна. Гэвч энэ өсөлтийн үр ашиг хүн болгонд ижил хуваарилагдах, эх орны хишиг шиг зүйл биш юм. Харин эдгээр хөрөнгө оруулалтыг хэн ойлгож, урьдчилан харж ажилласан нь үр ашгийг нь хүртэх болно. Үүний тулд хөрөнгө оруулалтын агуулгыг нь сайтар судалж, өөрийн мэргэжил, бизнестэй холбож, би юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй болов уу. Эс тэгвэл, бид 1990-ээд оны өмч хувьчлалын тухай сайн ойлгохгүй хоосон хоцорсон шигээ, энэ их мөнгөний урсгалын гадна үлдэж болзошгүй. Улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг, эдийн засгаар оролдохгүй бол эдийн засаг чамаар оролдоно гэдэг нь капитализмын хууль гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ нийтлэлээр гадаадын хөрөнгө оруулалтын жишээ болгож, Япон улсын Засгийн газрын зээлээр баригдах олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын талаар танилцуулъя.

 

Энэ онгоцны буудлыг Улаанбаатар хотоос 54 километрт орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд барихаар болоод байгаа. Онгоцны буудлын бүтээн байгуулалт нь 300 сая орчим долларын өртөгтэй байгаа нь Монголын ард түмэн нийтээрээ нэг сар ажиллаж байж бүтээдэг баялгийн хэмжээ. Гэвч Улаанбаатар хотын хөгжилд ихээхэн нөлөөлөх энэ ажил нь уул уурхайн салбарын хөгжлийн далбаан дор ач холбогдол нь бага анзаарагдаж байгаа бололтой. Саудын Арабын дэлхийд томд орох онгоцны буудлыг барихад оролцсон туршлагатай япон инженер хүн гэхэд л энэ онгоцны буудлын ажилд гар бие оролцох бэлтгэлээ бидэнтэй хамтран хийж байна. Бид энэ төсөл дээр юу хийж болох вэ гэсэн хэлэлцүүлгийг бизнесменүүдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Нисэх буудалд тавьдаг олон улсын шаардлагаар бол 100 нислэгт ногдох саатал нь таваас дээшгүй байх ёстой ч манай "Чингис хаан" онгоцны буудлын хувьд 100 нислэгээс 16 нь саатдаг. Уулсын дунд байрласан учир, хаанаас ямар ч салхи гарсан.Нэг талаасаа л буухаас аргагүй гэсэн буудлын газарзүйн хавчигдмал байр-лал нь саатлын нэг шалтгаан болно. Уулыг нь намсгах санаа гарсан ч зардал нь шинэ онгоцны буудал барихаас үнэтэй тусжээ. Нөгөө талаас манай орны цаг агаарын онцлог болох хавар намрын хүчтэй салхи бас газарзүйн байрлалд нэрмээс болдог. Өвөл арай гэж салхи тогтуун болоход хотын утаа тунарч, үзэгдэх орчныг хязгаарлаж нислэгийг саатуулна. Үүнээс гадна саяхнаас уул уурхай эрчимжиж, аялал жуулчлалын салбар хүчээ авч, агаарын тээврийн хөдөлгөөн цаашид улам өсөх төлөвтэй байгаа нь онгоцны буудлыг өргөтгөх шаардлагыг нэмэгдүүлж байна. Агаарын тээвэр нь эргээд бүс нутгийн хөгжлийг түргэтгэх нөлөөтэйг бас мартаж болохгүй. Түүнчлэн, томоохон онгоцны буудал баривал олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх буудал болж ашиглаж болно гэсэн тооцоо ч байна. Иймд 2008 онд манай Засгийн газар Япон улсаас 300 сая долларын зээл авч, шинэ онгоцны буудал барих гэрээнд гарын үсэг зуржээ. Онгоцны буудлыг Японы техник, технологиор барьж. шаардагдах тодорхой бараа материалыг Японы тал нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Японы тал барилгын зураг төслийг зохиож, барилгын ажлыг удирдан, ерөнхий хяналт тавина. Харин манай тал шинэ онгоцны буудлыг дэд бүтцээр хангах үүрэг хүлээсэн байна.

Хөшигтийн хөндийд онгоц хоёр талаасаа буух боломжтой

Улаанбаатарын ойролцоох онгоцны буудал барихад тохиромжтой, цөөн тооны газраас Хөшигтийн хөндийг сонгосон. Хөшигтийн хөндий нь тэгш тал учир, онгоц хоёр талаасаа буух боломжтойгоороо давуу талтай. Мөн онгоцны буудлын талбайг тэгшлэх, илүүдэл шороог зөөх ажил багасна. Хөшигтийн хөндий нь хоосон задгай тал тул нислэгийн аюулгүй байдал, цаашдын хөгжлийн төлөвлөлт хийхэд нэн тохиромжтой. Дөрвөн уулын дунд шахагдаад тэлэхэд хүндрэлтэй болоод байгаа Улаанбаатарын хувьд, Хөшигтийн хөндий, Багануурын чиглэлд тэлэн хөгжих шинэ гарц ч байж магад.

Онгоцны буудлын багтаамж хоёр дахин их

Хөшигтийн хөндийн онгоцны буудал нь 2019 он гэхэд жилд 1.4 сая (Одоогийн "Чингис хаан" буудлаас хоёр дахин их) хүнд үйлчлэх хүчин чадалтайгаар байх юм. Цаашдаа 2060 он гэхэд найман сая хүртэл хүнд үйлчилж чадахаар өргөтгөх боломжтойгоор төлөвлөсөн. Ийм хүчин чадалтай буудал барихын тулд олон улсын стандартад нийцэхүйц том буудал барих нь ойлгомжтой. Онгоцны буултын талбайн хэмжээ нь онгоцны буултын зурвасын уртаас шалтгаалдаг. Түүнээс гадна онгоцны буудал нь ирээдүйн хэрэгцээнд тохируулж хялбархан өөрчилж болохуйц байх хэрэгтэй. Энэ бүгдийг харгалзан онгоцны буултын зурвасыг 3.6 км урттай хийхээр тогтоод байгаа аж. Нислэгийн буултын талбайн хоёр үзүүрт "аюулгүйн зурвас" гэсэн бүсийг тогтоон, уг бүс дэх байгууламжуудыг намхан байхаар тодорхой хязгаар тогтоох учиртай. Энэ аюулгүйн зурвас нь онгоцны буудлын хэмжээнээс хамаарна. Газардсан онгоц дараагийн буух онгоцонд зай тавьж, буултын зурвасаас хажуу тийш салбарласан туслах зам дээр гарч зогсдог. Туслах зам нь ачаа ачиж буулгах, онгоцонд засвар үйлчилгээ хийх зориулалттай. Туслах замуудын төгсгөлд онгоцонд шаардлагатай засварын газар, зогсоол, гараашуудыг барьсан байдаг. Зорчигчид үйлчилгээний танхимаас зургаан хоолойгоор дамжин онгоцонд сууна. Зорчигчдын танхим нь зорчигчид зориулсан хэсэг, буухиа болон энгийн шуудан, ресторан, дэлгүүрүүдтэй байна. Хажуудаа 825 машины багтаамжтай зогсоолтой байхаар төлөвлөжээ.

Хөшигтийн хөндий рүү 37 км хурдны зам тавина

Хөшигтийн хөндийд онгоцны буудлыг барих болон цаашид ашиглахад шаардлагатай дэд бүтцийг байгуулах томоохон ажлыг Монголын тал хийхээр гэрээнд тусгасан байгаа юм билээ. Буудал баригдах сургаар Хөшигтийн хөндийд газар авсан хүмүүс олон байгаа сурагтай. Газрыг чөлөөлөх асуудлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Сангийн яаманд даалгасан Засгийн газрын тогтоол өнгөрсөн зун гарснаас өөр энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Улаанбаатараас Төв аймаг хүрэх замаас салаалж, Хөшигтийн хөндий рүү 37 км хурдны зам тавина. Замын зураг төслийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам "Эм Си Пи Си" Монголын компанид захиалж Хийлгэсэн ч санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байна. Олон улсын практикт онгоцны буудлыг хотын төвтэй холбохын тулд хурдан галт тэрэг, тэр ч байтугай Нью-Йорк зэрэг замын бөглөрөл ихтэй том хотод бол нисдэг тэрэг хүртэл ашигладаг. Манай орны хувьд шинэ буудлыг Улаанбаатартай төмөр замаар холбох төсөл ч яригдаж байна. Буудлыг эрчим хүчний сүлжээнд холбох ажлын зардал Эрдэс баялаг, эрчим хүчний яамны энэ оны төсөвт суусан гэнэ.

Нисэх буудлыг монголын компаниуд барилцана

Буудал барихад 3.6 км урттай онгоцны буух талбайг тэгшлэх хөрс хуулалтаас эхлээд барилгын 30 орчим төрлийн ажил гарна. Буудлын барилгын ажлыг япон компани удирдаж, япон стандартаар, япон тоног төхөөрөмжөөр хийлгэхээр гэрээнд заасан байгаа. Зардал хэмнэх үүднээс туслан гүйцэтгэгчээр Монголын компаниудыг шалгаруулж авна. Онгоцны буудлын бүтээн байгуулалтын энэ дөрвөн жилд их хэмжээний ажил гарах нь тодорхой болоод байна. Хөрс хуулалтын шатнаас эхлээд барилгын ажилчид, тэдний хоол хүнс, түр орон сууцнууд хэрэгтэй болно. Шинэ онгоцны буудлыг дагаад 30-50 мянган хүнтэй хот босно. (Багануур 30 хүрэхгүй мянган хүнтэй) Магадгүй энэ нь Улаанбаатар Хөшигтийн хөндийн чиглэлд тэлэх шинэ боломж ч болох талтай. Учир нь, Хөшигтийн хөндий рүү сайн зам тавигдаж дэд бүтэц хөгжих тул Улаанбаатарын утаа, бохирдлоос дүрвэгсэд нүүх боломжтой. Хоёр онгоцны буудал зэрэг ажиллуулах нь зардал ихтэй тул шинэ буудал нээгдэхэд "Чингис хаан" онгоцны буудал үндсэндээ хаагдана. Энэ нь тэр орчмын хөгжилд яаж нөлөөлөх нь тодорхой бус байна. Монгол орон хөгжлийн шинэ үеийн зааг дээр ирээд байна. Энэ шийдвэрлэх үед бүтээн байгуулалтад эртнээс бэлтгэлтэйгээр ханцуй шамлан оролцож, хувийн амьдралаа өөд татан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах алтан боломж биднийг хүлээж байна. Нисэх буудлын тухай сонссон биолог ч найз маань "Шувуу онгоцтой мөргөлдвөл аюултай гэмтэл учруулдаг. Тиймээс, нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд шувууны нүүдлийг судалж, тэдний хөдөлгөөнийг хянах нь чухал. Миний судалдаг шувууд Хөшигтийн хөндийд олон байдаг тул нэг судалгааны төсөл бичиж болох юм байна" гэж олзуурхсан. Танд ч гэсэн нэг мэргэн санаа төрсөн байх гэж найдъя.

Доктор С.Баттөр

Үндэсний шуудан 2011-04-07


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.