Бизнесийн орчинд нааштай өөрчлөлт гарсныг гишүүд онцлов
Ерөнхий сайд мэдээлэлдээ, энэхүү жилийн ажлын хүрээнд зохиох үйл ажиллагааны төлөвлөгөөг яам, агентлаг, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо зэрэг төрийн захиргаа, бизнесийн төлөөллийн байгууллагуудын саналыг тусгасан бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, бизнест үзүүлэх төрийн үйлчилгээний тогтолцоо, оролцоог оновчтой болгох, тусгай зөвшөөрөл, лицензийг цөөлөх, компанийн засаглалыг бэхжүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зорилт, арга хэмжээнүүдийг тусган төлөвлөж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ирлээ.
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээ тусгаснаас бизнес эрхлэх орчинг сайжруулахад чиглэсэн 105 арга хэмжээ, бизнесийн орчны макро түвшний тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн 26 арга хэмжээ багтсан. Жилийн ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, явцад нь хяналт тавих зорилгоор жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Засгийн газрын холбогдох гишүүд, яамд, Засгийн газрын агентлагийн удирдах албан тушаалтнууд, хувийн хэвшлийн мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгуулан ажиллаж байна. Жилийн ажлын явц, үр дүн болон энэ хүрээнд боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, макро түвшний бодлогын асуудал, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудал зэрэг томоохон асуудал бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, салбар дундын болон улс орны хэмжээний томоохон асуудлыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамж, сайд нарын хамтарсан тушаалаар байгуулж, үр дүнг үнэлэн дүгнэж байна.
Жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үзвэл 100 хувь биелсэн арга хэмжээ 41, 90 хувийн биелэлттэй 31, 70 хувийн биелэлттэй 20, 50 хувийн биелэлттэй 14, 30 хувийн биелэлттэй 11 арга хэмжээ, харин 14 арга хэмжээ нь 10 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн онд бизнесийн орчны шинэтгэлийн төлөвлөгөөний дагуу боловсруулж УИХ-аар батлуулсан хууль, төрийн бодлого, хөтөлбөр 9, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл 14, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн 2, Засгийн газарт хүргүүлсэн болон боловсруулах шатанд байгаа хөтөлбөр, төсөл 37 байна гэдгийг тэрбээр хэллээ.
Бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, дарамт чирэгдлийг багасгах чиглэлээр Засгийн газар, яам, агентлагууд өнгөрсөн онд олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлснийг Ерөнхий сайд онцлов. Тухайлахад, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хооронд татвар төлөгчийн бүртгэлийн дугаар, шинээр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийн талаархи мэдээллийг цахим хэлбэрээр солилцдог тогтолцоонд шилжсэн, хуулийн этгэээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийн маягтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн, мөн хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Түүнчлэн барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтыг гүйцэтгэх албан тушаалтан болон хугацааг тодорхой тогтоох зорилгоор эдгээр баримт бичигт гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжилтийг хангаж байгаа зэргийг дурдав. Зөвхөн энэ тогтоолын үр дүнд урьд нь барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад нийт 118 албан тушаалтан гарын үсэг зурдаг байсныг 58 болгож цөөрүүлснээр гарын үсэг зурах зурах албан тушаалтны тоо цөөрсөн төдийгүй зөвшөөрөл, баталгаажуулалт авахад 480 хоног зарцуулдаг байсныг 168 хоног болгож гурав дахин багасгажээ. Мөн улсын бүртгэлийн чиглэлээр 128 нэр төрлийн үйлчилгээнд шат дамжлага бүрт харилцан адилгүй олон төрлийн хураамж авдаг байсныг багцалж үйлчилгээний төрлийг нэгтгэн 57 үйлчилгээ болгон багасгаж, иргэдээс нэг төрлийн үйлчилгээнд нэг удаа төлбөр авах зарчмыг баримтлан энэ чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргаж энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн байна. Энэ хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлс, хураамж нь 20-иод нэр төрөл байсныг цөөрүүлж 10 болгожээ. Мөн барьцааны үнийн дүнгийн 0.1 хувиар хураамж авдаг байсныг 50 хувь болгож бууруулсан. Барьцааны болон түрээсийн гэрээ цуцлах, бүртгэл хаах, гэрчилгээ хүчингүй болгох зэрэг нэр төрлийн бүртгэлийн үйлчилгээг хурамжгүй болгосныг хэллээ. Төрийн захиргааны байгууллагуудаас бизнес эрхлэгчид, иргэдэд үзүүлэх татвар, даатгал, халамж, бүртгэлийн үйл ажиллагааг нэг цэгийг үйлчилгээнд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, иргэний бүртгэлийг шуурхай болгох ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний заалны менежментийг өөрчилж иргэдийг дүүргийн харьяалал харгалзахгүйгээр хурдан шуурхай хүлээн авч үйлчилдэг болгосныг бас дурдав.
Бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох яам, агентлагтай хамтран иргэн, эдийн засгийн чиглэлийн 81 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн уялдааг сайжруулахаар ажиллаж байна. Эдгээр хуулиудыг хоёр хэсэг болгон багц хуулийн төсөл боловсруулахаар шийдэж, эхний ээлжид 32 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахад холбогдох 91 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болоод байгаа. Бизнест үзүүлэх төрийн үйлчилгээний тогтолцоо, оролцоог оновчтой болгох зорилгоор Ерөнхий сайдын 2010 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж, нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулах, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд байгааг Ерөнхий сайд хэллээ. Мөн төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор татвар, гааль, мэргэжлийн хяналт, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд нэг цонх, нэг цэг, бизнесийн ширээний, 21 аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэст татварын цахим тайлангийн үйлчилгээ нэвтрүүлээд байгаа аж.
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зорилгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, яамдын саналыг авч байна. Мөн тухайн салбарын төрийн ямар чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар холбогдох судалгаа, саналыг нэгтгэн авч боловсруулалт хийж байгаа. Судалгаа, саналыг үндэслэн энэ талаар Засгийн газраас тогтоол гаргахаар төлөвлөж байгааг тэрбээр дурдлаа.
Жилийн ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Тухайлахад 2010 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өссөн. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсдын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр өссөн нь чанарын чухал үзүүлэлт юм.
Монгол Улсын өрсөлдөх чадвар ч дээшилсэн дүнтэй байна. Тухайлбал, 2010-2011 оны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс 3.7 оноогоор 139 орноос 99 дүгээр байрт орсон нь өмнөх оны үзүүлэлтээс 0.3 пунктээр дээшилж даруй 18 байраар урагшилсан байна. Уг тайлангаар манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд эрс сайжирсан дүнтэй гарсныг Ерөнхий сайд онцлов. Мөн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас эрхлэн гаргадаг улс орнуудын бизнесийн орчин ямар байгааг харуулдаг шалгуур үзүүлэлт болдог “Биүнес эрхлэх нь” тайлангийн 2011-2012 оны үзүүлэлтээр манай улсын шалгуур үзүүлэлтүүд сайжирч, одоо эзэлж буй байр урагшилна гэсэн эерэг үр дүнг хүлээж буйгаа Ерөнхий сайд хэллээ.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ, А.Тлейхан, Н.Ганбямба, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Л.Гүндалай, Х.Наранхүү, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, З.Энхболд, Ц.Цэнгэл, Д.Загджав, Ц.Батбаяр нарын тавьсан асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн удирдлагууд тодорхой хариулт өгөв. Асуулт асуусан гишүүд Засгийн газраас зарласан бизнесийн шинэтгэлийн жилийн хүрээнд авсан арга хэмжээ, хийсэн ажил зохих үр дүнгээ өгч, зарим ахиц, нааштай өөрчлөлт гарч байгааг онцлохын зэрэгцээ ялангуяа орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бизнес эрхлэх аятай таатай боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа, банкны зээлийн хүү, барьцааны дарамт их байдаг, мөн тэмдэгтийн хураамжийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт жижиг аж ахуйн нэгжид дарамт учруулж байгааг зарим гишүүд шүүмжилж байв. Хуралдаанд оролцсон МҮХАҮ-ийн танхимын тэргүүн С.Дэмбэрэл ч гишүүдийн асуултад хариулахдаа талуудын хамтын ажиллагааны үр дүнд бизнесийн жилийн ажлын хүрээнд бизнесийн зөв чиг хандлага тогтсоныг онцлон дурдлаа.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуултаа асууж амжсан ч хуралдааны цаг дууссан тул энэ асуудлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэж саналаа хэлэхээр болж, хуралдаан 18.30 цагт өндөрлөв.