Ардчилсан намын бүлэг таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж таван асуудал хэлэлцлээ.
Асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан уг хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй 400 гаруй хуулийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлтийг багц хуулийн төслөөр богино хугацаанд хийхээр тусгажээ. Энэ багц хуулийн төслийг үзэл баримтлалгүйгээр өргөн барьж болохоор төсөлд заажээ. Уг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх зүйтэй гэж бүлэг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийг ерөнхийд нь дэмжсэний зэрэгцээ Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцүүлгийн явцад нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн юм.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2002 онд батлагдаж байсан дээрх хууль нь тодорхой бус, ойлгомжгүй зүйл заалт ихтэй байсан тул шинэчлэн найруулах зүй ёсны шаардлага гарсан хэмээн хуулийн төсөл санаачлагч ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа. Одоо өргөн барьж байгаа энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч мөн нэмэх, эргэж харах зүйлүүд байгааг бүлгийн гишүүд дурдаж байсан юм. Одоо яг тулгамдаж байгаа цэвэр усны нөөцийн асуудал тусгагдаагүй тухай, саарал усыг ариутгах татуургын ашиглалтанд ашиглаж байх, дэд бүтцийн дараалал яг ямар байх, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй айл өрх тухайлбал гэр хорооллынхон, сумын төвийн айлууд ямар стандарт бүхий цэвэрлэх байгууламжтай байх, үүнтэй холбоотой тулгамдсан асуудал хөрсний бохирдол зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Мөн саарал усыг хувийн компани туршаад явж байгаа тухай Н.Батбаяр гишүүн мэдээлэл өгч гүнийн цэвэр усаа ариутгах татуургад ашигламааргүй байгаа тухай саналыг гаргасан юм. Уг хуулийн төсөл дээр бүлгээс 5 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг ахлагчаар нь томиллоо.
Бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудлын төгсгөлд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд оруулсан нэмэлтэд заасны дагуу Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтийн биелэлтийг сонслоо. Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөр ажилтай тул танилцуулга хийсэнгүй. Түүний оронд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулах байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дээр уг асуудлаар танилцуулга хийж давхардсан. Бүлгийн гишүүд уг асуудлыг байнгын хороодоор хэлэлцсэний дараа бүлгийн хуралдаанаар хэлэлцэн санал дүгнэлтээ гаргахаар шийдвэрлэлээ гэж УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албанаас мэдээлэв.