Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ-ны ээлжит чуулганд оролцоно
2011.04.11

Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ-ны ээлжит чуулганд оролцоно

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2011 оны дөрөвдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Панам Улсын Панама хотноо зохиогдох Олон Улсын Парламентын Холбооны 124 дүгээр чуулганд оролцохоор мордлоо.
batkhuu_g_olonuls

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл нар багтжээ.

 

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж тус чуулганы хүрээнд зохиогдох Парламентуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын холбооны хуралдаанд оролцох юм.

 

Олон улсын парламентын тэргүүн нар “Парламентын хариуцлага: хүмүүсийн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө” сэдвийн дор явагдах энэ удаагийн чуулганы хүрээнд дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар  ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн тус холбооны Байнгын хороодын хуралдаанаар “Сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчил, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ба Засгийн газрын эрхийг тайван замаар шилжүүлэх үйл явцыг хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь”,  “Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хүн амын өсөлтийн өөрчлөлтийн зохистой менежментээр тогтвортой хөгжлийг хангахад парламентуудын гүйцэтгэх үүрэг”, “Улс төрийн намуудын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нээлттэй, хариуцлагатай болгох нь” сэдэвт илтгэлүүд хэлэлцэж хэд  хэдэн тогтоол батлах юм байна.

 

Түүнчлэн “Хүүхдийн эрх ашигт нийцүүлэн Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд нийгмийн ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд парламентуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.