Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2011.04.12

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2011.04.12/  Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

ez_horoo

Сүүлийн үед явагдсан Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн үед сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих явдал их хэмжээгээр гарч, үүний улмаас багагүй маргаан, улс төрийн зөрчилтэй байдал үүссэн. Гэвч зөрчил гаргасан этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага тооцсон тохиолдол тун ховор байна. Ялангуяа нэг сонгогч нэг сонгуульд нэг удаа санал өгөх зарчмын хэрэгжилтийг хууль зүйн хувьд бүрэн баталгаажуулж хариуцлага тооцох арга журмыг хуульд тусгаагүй орхигдуулсан гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн ажээ.

 

Нэг сонгогч нэг сонгуульд хэд хэдэн удаа саналаа өгсөн, түүнчлэн сонгууль оролцох боломжгүй буюу нас барсан, санал хураах үеэр эх орондоо байхгүй байгаа сонгогч болон өндөр настан, хүнд өвчтэй хүмүүсийн нэрийн өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага тооцох талаар тодорхой зохицуулалт өнөөгийн Эрүүгийн хуульд байхгүй байна гэж туулийн төслөө танилцуулах үедээ УИХ-ын гишүүн З.Энхболд хэлсэн. Нөгөө талаар ийнхүү санал өгөхийг сонгуульд оролцож буй улс төрийн нам, нэр дэвшигч тэдгээрийн сонгуулийн ажилтан, шадар туслах нар болон төрийн албан хаагч, сонгуулийн хороодын гишүүд, ажилтнуудын зүгээс санаатайгаар зохион байгуулах эсхүл туслах, дэмжих зэргээр сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчих гэмт явдал гарах болсон гэж тэрбээр хэллээ.

Иймд дээр дурдсан сонгуульд нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл ийнхүү санал өгөхийг зохион байгуулсан, дэмжсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар сонгуулийн үеэр гардаг ноцтой зөрчлийг таслан зогсоох зайлшгүй шаардлага бий болоод байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар ийм төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна сонгууль шударга явагдах, сонгуулийн дүн үнэн зөв бодитой гарахад нөлөө үзүүлнэ гэж үзэж буй аж.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан, Ц.Сүхбаатар, Ц.Нямдорж нарын гишүүд сонгуулийн үеэр гардаг элдэв зөрчлийн асуудлыг багцлан ярьж нэг мөр шийдье гэсэн саналтай байсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, сонгуулийн үеэр санал худалдаж авдаг, бөөнөөр нь архидуулдаг гэх мэт асуудлыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн баригдсан байсан. Хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцмээр байна гэсэн бол төсөл санаачлагч З.Энхболд гишүүн цаг алдалгүй дор дор нь шийдээд явбал зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Эдгээрийг нэгтгээд тусдаа хуралдаан хиймээр санагдаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, бусдын ятгалгад ороод хэдэн төгрөг аваад саналаа өгөх гээд явж байгаа иргэдийг шийтгэх нь зөв үү, үгүй юу гэдгийг бодох асуудал. Бусдын бичиг баримтаар хууль бусаар саналаа өгөх гээд оролдох үед нь таслан зогсоох ёстой хүмүүс нь сонгуулийн хорооны ажилтнууд. Ийм байдлыг таслан зогсоож чадаагүй ажилтнуудын өмнөөс сонгогчдыг шийтгэж болохгүй гэж бодож байна гэлээ. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

 

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  гурваас дээш зургаан  сар хүртэл хугацаагаар  баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг дээрх хуульд оруулахаар төсөл санаачилсан юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн өдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Т.Уранцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр танилцууллаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.