УИХ-ын гишүүн Су.Батболд санаачилсан хуулиа өргөн барилаа
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоох хуулийн заалттай. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэх явцад төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиолдол бүрт дурдсан албан тушаалтны цалин хөлсийг шинэчлэн тогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай болдог. Энэ нь нэг талаар УИХ-ын гишүүүд өөрсдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ гэсэн таагүй шүүмжлэл гаргахад хүргэдэг. Иймээс Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ тогтоож байхаар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.