Улсын Их Хурлын дарга 124 дүгээр Ассемблейд үг хэлэв
2011.04.18

Улсын Их Хурлын дарга 124 дүгээр Ассемблейд үг хэлэв

Олон Улсын Парламентын Холбооны 124 дүгээр Ассемблейн чуулган Бүгд Найрамдах Панам Улсын Панама хотын Атлапа хурлын танхимд энэ  өдрүүдэд  болж байна. “Парламентын хариуцлага:Хүмүүсийн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө” ерөнхий сэдвийн хүрээdemberel_05д дэлхийн улс төр, эдийн засаг, өнөөгийн байдлын талаар өргөн хэлэлцүүлэг өрнөсөн эл хуралдаанд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ц.Цэнгэл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар оролцож байна.

Ассамблейн чуулганы үеэр “Сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчил мөргөлдөөнөөс  урьдчилан сэргийлэх ба Засгийн газрын эрхийг тайван замаар шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь”, “Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хүн амын өсөлтийн өөрчлөлтийн зохистой менежментээр тогтвортой хөгжлийг хангахад парламентуудын гүйцэтгэх үүрэг” зэрэг чухал сэдвүүд хөндөгдөв. Мөн “Улс төрийн намуудын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нээлттэй, хариуцлагатай болгох нь” хэлэлцүүлгийг Ардчилал, хүний эрхийн байнгын хороогоор хэлэлцүүллээ.

 

Ассемлейн нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнууд, улс төр, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёл иргэншлийн хувьд өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ улс үндэстнүүд өөр өөрийн давуу тал, онцлогтой байдаг аа. Эдгээр давуу талаа бодит боломж болгон хувиргаж, аливаа маргаан маргаан сөргөлдөөнөөс зайлсхийж, эдийн засгийн өсөлтийг хангах нь нэн чухал байна. Дэлхий дахин болон орон бүрийн дотоодод улс төрийн тогтвортой байдал хангагдсан нөхцөлд эдийн засгийн өсөлт гарах болно. Эдийн засгийн өсөлт нь ядуурал ба амьжиргааны доройтол, ажилгүйдлийг гэтлэх боломж юм. Эдийн засаг, нийгмийн тодорхой үр дүн, ололтоор парламентын нэр хүнд дээшилж, улмаар сонгогч, ард нийтийн итгэл найдварыг хүлээж чадна гэж бид үзэж байна. Мэдээж энэ бүхний цаана парламентын хариуцлага байгаа. Улс төрийн тогтвортой байдалд сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, чөлөөт шударга сонгууль явуулах, намуудын санхүүжилтийн байдал болох тухай энэхүү Ассемблейн хэлэлцэж асуудлыг дэмжиж байна” хэмээн онцлон /УИХ-ын даргын хэлсэн үгийг www.parliament.mn, www.open-parliament.mn сайтад бүрэ эхээр нь нийтлэв/ тэмдэглэв.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ассемблейн үеэр Панамын Үндэсний Ассамблейн дарга Хосе Муньос Молинатай уулзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох тухай, түүнчлэн хоёр орны хооронд адил төстэй зүйл ихээхнийг онцолж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмберттай уулзаж, хоёр орны иж бүрэн түншлэл амжилттай хөгжиж байгаа, парламент хоорондын найрамдлын бүлгүүдийн харилцаа, Байнгын хороо, Тамгын газрын хооронд хамтран ажиллах сонирхол эрмэлзэлтэй, боловсролын салбарын уламжлалт харилцааг өргөжүүлэх хүсэлтэйгээ өгүүлээд Германы “Дойче банк” “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргах гол зохион байгуулагчаар тодорсныг дуулгасан юм. УИХ-ын дарга мөн Монаккогийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга П.Нотаритай уулзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод удаагүй ч харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд явагдаж байгаад тааламжтай байгаа, Ази дахь хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх түнш орноор Монголыг сонгосонд талархалтай байгаагаа илэрхийлж, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх оновчтойг онцлов.

 

Панама хотод болж буй Олон Улсын Парламентын Холбооны 124 дүгээр Ассемблей энэ сарын 20-ны өдөр өндөрлөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.