2011.04.18
Парламентын бүтцийг өөрчлөх шаардлага бий юу?
УИХ-ын зарим гишүүдээс хоёр танхимтай парламентын бүтэцтэй болох тухай ямар байр суурьтай байгаа талаар тодруулж “Парламентын бүтцийг өөрчлөх шаардлага бий юу?” гэх асуултад хариулт авлаа.
NEWS.mn
Х.НАРАНХҮҮ: ГАНЦ БҮТЦЭЭС БОЛООГҮЙ БАЙХ
-Зохион байгуулалт, бүтэц гэдэг бол хэлбэрийн асуудал юм. Бид хоорондоо асуудлаа ярьж, бие биеэ сонсож чаддаггүй, шүүмжлэл хүлээж авах дургүй, сонирхлын зөрчилтэй зэргээс үүдэн хамтарч ажиллаж чадахгүй байна. Үүнийгээ бүтэц хангалттай биш, хоёр танхимтай болчихвол дээр гэдэг талаас нь яриад байгаа юм. Миний хувьд ганцхан бүтэц, зохион байгуулалтаас болоогүй гэж харж байна. Үнэхээр хоорондоо итгэлцэлтэй, бие биеийнхээ шүүмжлэлийг сонсож, хүлээж авдаг байсан бол хэлбэр хөөцөлдөхгүй байсан. Бизнест ч ийм байдаг. Барууны тогтолцоогоор бол үг, үсэг бүрийг гэрээ хэлцэл байгуулж, гарын үсэг зурж байж шийддэг. Мөн Азийн уламжлалт арга бий. Энэ нь итгэлцэл юм. Хоёр хүн яриад, тохироод л ажлаа явуулчихдаг. Бид уг нь Ази талын уламжлалтай гэвэл бие биетэйгээ итгэлцлээр хандах учиртай. Хүмүүс хоорондоо итгэж чадахгүй бол хүссэн, хүсээгүй хуулиа чангатгах, нягтлах, бүтцээ нарийн болгох арга руу л орж таарах юм. Одоо ийм арга руугаа ч орж байх шиг байна. Гэхдээ хугацаа их шаардана.CУ.БАТБОЛД: ХОРИГИЙГ ЭС ТООЦВОЛ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО АЛГА
-Парламентын цогц шинэчлэлийн асуудлыг анх монгол ардын намын зүгээс гаргаж ирсэн юм. Өнөөгийн нийгэм, улстөрийн амьдрал, олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага улстөрийн тогтолцооны шинэчлэлийн асуудал гээд олон талаас нь харж үзэхэд парламентын цогц шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгарчээ. 20 жилийн турш шинэ үндсэн хуулийн агуулга мөн чанарын дагуу нэг танхимтай парламентыг байгуулаад явж ирсэн. өнөөдрийн төлөөлөл ардчиллынхаа үндсэн чанарыг хангаж чадаж байна уу үгүй юу. Монгол улс нэг танхимтай парламентын засаглалын чадавхыг бүрэн дүүрэн ашиглаж байна уу, үгүй юу гээд олон асуудал сөхөгдөн гарч ирж байна. эдгээр нийгмийн шаардлагын үүднээс асуудал хөндөгдсөн. тиймээс парламентыг шинэчлэх гурван үндсэн шаардлага байгаа юм. Нэгдүгээрт төлөөллийг нэмэгдүүлэх шаардлага бий. 76 гишүүнтэй нэг танхимтай парламентын эрх мэдэл, өнөөдрийн гарч байгаа хууль тогтоомжийн байдал нийгмийн шинэчлэлийг хошуучилж явж чадах уу үгүй юу. Энэ бүхэн парламентын шинэчлэлд төлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Хоёрдугаарт парламентын хяналтыг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Парламентын гаргасан хууль тогтоомж үнэхээр зөв үү буруу юу. Олон нийтийн зүгээс хяналт тавьж байна уу. Ерөнхийлөгчийн хоригийг эс тооцвол ийм тогтолцоо үнэхээр алга байна шүү дээ. Парламентын хяналтын тогтолцоог бий болгохын тулд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь парламентын шинэчлэлийг хийхдээ одоо байгаа үндсэн хуулийн хүрээнд хийх үү, үндсэн хуулийг өөрчлөх замаар хийх үү гэдэг асуудлыг ярилцаж байна. Уг нь нэгэнтээ хийх гэж байгаа учраас хоёр танхимтай парламент болгочих юм бол шинэчлэл олж чадна.Ш.САЙХАНСАМБУУ: ЭНЭ САНАЛЫГ БИД АНХ ТАВЬЖ БАЙЛАА
-1990-1992 оны хооронд хоёр танхимтай парламенттай байсныг 1992 онд өөрчилсөн. Одоо үүнийг хамгийн зөв арга гээд дахин сэргээхээр ярьж байна. Уг нь анх энэ саналыг УИХ-ын гишүүн асан Н.Оюунбаатар бид хоёр С.Батболдыг Ерөнхий сайд болоод удаагүй байхад дэвшүүлсэн юм. Тухайн үед бидний саналыг хүлээж аваад судлахаар амлаж, сайн санал байвал хэлэлцүүлэг болгохоо илэрхийлж байсан. Нэг гишүүнийхээ тавьсан саналыг одоо эргээд ажил болгоод явж байгаагаас харахад холч хараатай хүн юм гэсэн бодолтой байгаа.
NEWS.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.