Цагаатгалын ажлыг энэ онд багтаан дуусгана
2011.04.19

Цагаатгалын ажлыг энэ онд багтаан дуусгана

Тагнуулын Ерөнхий Газрын архивын тоо бүртгэл цэгцтэй бүрэн хөтлөгдөөгүй урсгалаар явж ирсэн, хүн хүч дутмаг зэргээс шалтгаалан яг хэдэн хүнд холбогдох хэрэг шалгагдаагүй үлдсэн нь тодорхойгүй байсан билээ. Харин өнөөдөр. тус газрын архивт цагаатгагдаагүй 6600 хүнд холбогдох хэрэг үлдсэнийг тогтоогоод байна. Энэ тухай  Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Т.Халтар өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр мэдээллээ.

Одоогийн  байдлаар 3000 орчим хэргийг шалган шийдвэрлээд байгаа бөгөөд улс төрийн хэрэгт хэлмэгдсэн гэх баримт байхгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон 800 орчим хүний хэрэг байна. Үлдсэн хэргийг энэ онд багтаан шалгах зорилт тавин ажиллаж байгаа тухай тэрээр танилцуулав.

helmegsediin_hoshooУлс төрийн хэрэгт шийтгэгдэгсдэд холбогдох хэргийг шалгаж цагаатгах ажилд учирч буй зарим бэрхшээлийн талаар илтгэгч ярихдаа, зарим хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэх тогтоол архиваас олдохгүй буюу байхгүй байгаа нь хэрэг материал нь бүрдэж амжаагүй байхад холбогдогч нь нас барсан, мөрдөн байцаалтын үеэр овог, нэрээ өөрчлөн мэдүүлсэн байж  болох  мөн түүнчлэн тусгай албадын ялангуяа Зөвлөлтийн цэргийн тагнуулын байгууллагын даалгавраар гадаадад яваад эргэж ирээгүй хүмүүс, архивуудын эмх цэгц, тоо бүртгэл муу, зарим хүнд холбогдох хэрэг материал санаатай буюу санамсаргүй байдлаар үрэгдсэн  зэрэг шалтгаантай холбоотой байж болзошгүй  байгаа талаар тэрээр мэдээлэв.

Тодорхой тооны  ажилтнуудыг гэрээгээр авч ажиллуулах, нэмэлт  зардал гаргаж улмаар үлдсэн хэргүүдийг шалгах ажлыг шуурхайлж энэ онд багтаан эцэслэн шийдвэрлэж дуусгах чиглэлийг баримталж ажиллах болно гэдгээ УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хуралдааны үеэр  мэдэгдлээ.

Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын дэд дарга,  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд, комиссын зарим гишүүд ТЕГ-ын  архивт шинээр илэрсэн хэргүүдтэй холбоотой хэрэг материалыг шалгаж байгаа ажлын явц, нөхцөл байдалтай танилцав.

Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим хүнд холбогдох хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэ ажлын дийлэнх хувийг сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.