Ч.Хүрэлбаатар:Орон сууцтай болохыг хүссэн иргэдэд нэг сая төгрөгтэй нэрийн данс нээнэ
2011.04.19

Ч.Хүрэлбаатар:Орон сууцтай болохыг хүссэн иргэдэд нэг сая төгрөгтэй нэрийн данс нээнэ

нэ нь Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс хойш хэрэгжиж эхэлнэ, ойрын хугацаанд ийм тогтоол гарна-

Монгол Улсын сайд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, “Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцааны талаар болоод, Орон сууцны сангаас иргэдэд сая төгрөг олгохоор төлөвлөж байгаа гэхчлэн түүнээс тодруулж асуух зүйл олон байлаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийг  2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд ямар үнэлгээ дүгнэлт өгч буй нь ч сонирхсон юм.

-Хамтарсан Засгийн газрын өнгөрсөн жилийн ажлыг, Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилтийг та хэрхэн үнэлж байгаа вэ?

hurelbaatar_hh-2010 он хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол жил байсан. Олон асуудлыг шийдвэрлэх суурийг тавьсан.  Тухайлбал,  Хүний хөгжил сангийн тухай хууль байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ажлаа авч байхад энэ хууль болоод  Монгол Улсын стратегийн орд газраас ард иргэддээ хувь, хишиг олгох асуудал шийдэгдээгүй байсан. 2010 онд энэ ажлын эхлэлийг тавьж, газрын хөрсөн доорх баялгаас иргэддээ хүртээх ажлыг эхлүүлсэн. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу  2011 онд иргэн бүрт сар болгон  21 мянган төгрөгийн хувь, хишиг олгож байна. Энэ нь ард иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгоно гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа хэрэг юм. Мөн стратегийн орд газруудын хувьцаа олгох ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын иргэд хоёр төрлийн хувьцаа авна. Нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 536 ширхэг хувьцаа, нөгөө нь “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцаа. Үүнээс гадна орон сууц худалдан авахыг хүсч байгаа иргэддээ тун ойрын үед нэг сая төгрөгийн сан нээж, гэр бүлийн гишүүдийн нэр дээр байгаа мөнгөө багцалж орон сууцны урьдчилгаа төлбөр, зээлийн хүү болоод үндсэн төлбөртөө зарцуулах боломж олгох гэж байна. Оюутнуудад сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг олгох шийдвэр нь цагаа олсон ажил байсан. Цаг хугацаа, олон талын уялдаа шаардах эдгээр  ажил гайгүй сайн хэрэгжиж байгаа. 2009 онд манай улсын эдийн засгийн үзүүлэлт хасах 1,5-тай гарч байсан бол өнгөрсөн жил 7.0 хувь болгож чадсан. Дэлхийн олон орон эдийн засгийн хямралаасаа гарч чадаагүй байгаа үед бид хямралаасаа гараад дэлхийн дунджаас хоёр дахин өндөр хувиар эдийн засгаа хөгжүүлж чадсаныг том амжилт гэж үзэж байгаа.

-Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Үүнтэй зэрэгцээд Тавантолгойг ашиглах үйл явцыг сонирхох хүн олон байгаа. Энэ ажил яг одоо ямар шатандаа яваа вэ?

-Тавантолгойг ашиглах гэрээ хэлцлүүдийг Засгийн газраас эхлүүлсэн. Анх 15 компани оролцсоноос зургааг нь одоогийн байдлаар шалгаруулаад байгаа. Үүний дотор 115 жилийн хугацаанд нүүрс олборлож, тээвэрлэж, борлуулж байгаа туршлагатай, дэлхийн уул уурхайн салбарын эхний гуравт ордог томоохон компаниуд орж ирсэн. Энэ орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр УИХ-аас тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт зөвлөмж гаргасан. Эдгээр бодлогын бичиг баримтын хүрээнд гэрээ хэлцлийг тэдгээр зургаан аж ахуйн нэгжтэй хоёр удаа хийсэн. Монгол Улсад нэмүү өртөг бий  болгох, Төмөр замын бодлого хэрэгжүүлэх, Тавантолгойд дэлхийд тэргүүлэх стандарттай, байгаль орчин, аюулгүй байдлыг бүрэн хангасан, олон улсад өрсөлдөхүйц ийм уурхайг Монголд байгуулах боломжийг харгалзан гэрээ хэлцлүүдийг хийж байгаа. Оролцож байгаа компаниудтай нүүрснээс гадна бусад салбарт хамтрах, Монголд ашигтай нөхцөлүүдийг тавьж байгаа. Гэрээ хэлцэл дуусаагүй байна. Арав гаруй хоногийн дараагаар гурав дахь ээлжийнхээ гэрээ хэлцлийг эхлүүлнэ. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Эцсийн шалгаруулалт хэдийд бол?

-Засгийн газраас өгсөн цаг хугацаанд багтаж хэлэлцээрээ хийх зорилттой ажиллаж байгаа.

-Иргэдийн дунд Тавантолгойн хувьцаагаа яг хэдийнээс хөрөнгийн зах зээлд гаргах, бодитой үр дүн хэзээ авчрах бол гэсэн хүлээлт байгаа. Та тодорхой хугацаа хэлж болох уу?

-Энэ бүхэн мэдээж Тавантолгойд хийж байгаа гэрээ хэлцэлтэй холбоотой. УИХ-аас өгсөн тогтоолын дагуу ямар хөрөнгө оруулагчид орж ирж байгааг харах ёстой. Хоёрдугаарт, Тавантолгойн коксжих нүүрсийг ямар үнээр борлуулж байна, эрчим хүчнийхээ нүүрсийг зах зээлд гаргаж чадаж байна уу, ямар үнээр зарж байна, Монголын Хөрөнгийн бирж дэлхийн хөрөнгийн биржийн нэг хэсэг болж чадаж байна уу зэрэг олон асуудал гарна. Гэрээ хэлцлийн хүрээнд хөрөнгө оруулагчидтай ямар нөхцөлөөр тохирч чадав гэдэг ч хамаатай. Гуравдугаарт, бид иргэддээ хувьцаатай холбоотой ойлголтыг өгөх ёстой. Эдгээр нөхцөл хангагдсаны дараа зах зээлд хувьцаагаа зарах боломжийг нээж өгнө. Нөхцөл нь бүрдээгүй тохиолдолд хувьцааны үнэ хямдхан байна шүү дээ. Тиймээс зам нь, борлуулах зах зээл нь, өндөр үнээр худалдах нь ойлгомжтой болсон үед хувьцааны үнэ өсөх бүрэн боломжтой. Ингэхгүй бол илүү мэдээлэлтэй байгаа нь, арга чаргатай нь, эсвэл мөнгөтэй нь цуглуулаад авчих боломж байгаа. Бидэнд ийм гашуун туршлага бий. Тиймээс иргэддээ хувьцааны талаарх мэдлэг мэдээллийг сайн өгөх ёстой. Энэ бүх нөхцөлийг хангасны дараа хоёр дахь зах зээлийг нээе гэж байгаа. Хөрөнгийн биржээс би юу олж авч болох вэ, надад ямар ашигтай вэ гэсэн ойлголтыг бүрэн өгөөгүй байхад ийм арилжаа наймааг зохион байгуулж болохгүй гэж бодож байгаа.

-Хувьцааны ногдол ашгаа авах боломж хэзээ вэ гэдгийг л иргэд мэдэхийг хүсч байгаа юм?

-Уурхай ажиллаад эхлэхэд л ногдол ашиг авах эрх нь нээгдчихсэн шүү дээ. Монгол Улсын төлбөр тооцоо хийх төвүүд дээр бүх иргэнд хувьцааны данс нээсэн байгаа. Уурхай хэчнээн хурдан ашиглалтад орно, тэр хэрээр ногдол ашгаа хурдан авна. Энэ мэдээж Засгийн газар, улмаар УИХ-аас хамаарна.

-Орон сууцны нэрийн данс нээх тухай та ярьсан. Нэрийн дансыг иргэн болгонд нээх үү, зөвхөн орон сууц авах хүсэлтэйд нь өгөх юм уу?

-4000 айлын орон сууцны хөтөлбөрийг төрийн албан хаагчдад зориулж хэрэгжүүлсэн. Одоо төрийн, хувийн гэж ялгахгүйгээр нийтэд нь хэрэгжүүлэх гэж байна. Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдахад мөнгө авах нэг хэлбэр нь орон сууцны төлбөр байхаар хийж өгсөн. 2010 оны зургадугаар сард нийт иргэдийн 85 хувиас авсан санал асуулгын дүнгээр 800 орчим мянган хүн орон сууцны төлбөрт мөнгө авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Ийм хүсэлтэй байгаа иргэд өөрсдөө саналаа гаргах юм. Энэ хүмүүст орон сууцны нэг нэг сая төгрөгийн данс нээж өгнө. Манай гэр бүл таван ам бүл нийлээд таван саяараа байрны урьдчилгаа төлбөрөө хийх боломжтой. Энэ нь Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс хойш хэрэгжиж эхэлнэ, ойрын хугацаанд ийм тогтоол гарна.  Санхүүжилтийг Хөгжлийн банкин дээр төвлөрүүлэх юм. Орон сууцны санхүүжилтийн корпорац эрэлтийг нь зохион байгуулж, зуучлах үүрэгтэй. Иргэдийг байртай, барилгын компанитай, банктай холбох өгөх үүргийг ОССК хүлээнэ. Моргейжийн зээлийг арилжааны банкууд үүсгэнэ.

-Орон сууцны зээлийн хүүг Засгийн газар зургаан хувь болгох чиглэл өгөөд байгаа. Эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож болох уу?

-Тухайн иргэн орон сууцны зээл авахаар байгуулах гэрээ зургаан хувийн хүүтэй байна гээд хэлчихсэн байгаа. Хүний хөгжлийн сангаас нэг саяараа урьдчилгаа төлбөрөө өгөх, үндсэн зээлээ төлөөд явах боломжийг нээж өгч байгаа юм. Зээлийн хүү зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээрээ тогтоно. Тэгэхээр зээлийн хүү найман хувьтай байна гэж үзвэл зөрүү хоёр хувийг Засгийн газар үүрье гэж байгаа юм.

-Манай арилжааны банкуудын зээлийн хүү өндөр, олгодог зээл нь бага байгаад Засгийн газар яаж анхаарч байна?

-Хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх гол зүйл л дээ. Энэ нь эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хүүгүй, цаг хугацаа гэж байдаггүй хөрөнгө оруулалтыг татаж чаддаг хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар барьж байгаа юм. Тиймээс сая Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын иргэд ашигтай гэж үзэж байгаа хөрөнгө оруулалтаа дэмжиж хувьцааг нь худалдаж авдаг ийм тогтолцоо руу орох боломжтой болсон. Хөрөнгийн биржийн энэ шинэчлэл Монгол Улсын хөгжилд дорвитой нөлөө үзүүлнэ. Үүнийг томоохон үйлдвэр, станц ашиглалтад орсноос дутуугүй ач холбогдолтой, чухал зүйлийн эхлэлийг тавьсан гэж харж байгаа.

-Засгийн газраас бүтээн бйагуулалтад чиглэсэн хэд хэдн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ажлын эхлэлд ямар дүн тавьж болохоор байгаа вэ?

-УИХ-аар томоохон бүтээн байгуулалтын бодлогуудыг батлуулж чадсан нь өнгөрсөн жилийн онцлог. Тухайлбал,  Төмөр замын бодлого байна. Ашигт малтмалын гол гол бүсүүдийг дайрч өнгөрөх шинэ төмөр замын хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулсан, ажил нь энэ хавраас эхэлнэ. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр байна. Анх “Утаагүй Улаанбаатар” нэртэй байсан энэ хөтөлбөрийг орон сууц хүссэн иргэддээ тус бүр сая төгрөгийн нэрийн данс нээх, орон сууц барих үйл ажиллагаатай уяж өгч байгаа юм. “100,000 айлын орон сууц” бол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн нэг хэсэг. Энэ нь Улаанбаатарын гэр хорооллын зарим газрыг чөлөөлж орон сууцны хороолол барьж иргэдээ оруулахаас гадна аймгийн төв болгонд ийм бүтээн байгуулалт хийх зорилготой хөтөлбөр. Үүнийг хийхийн тулд Хөгжлийн банк байгуулж, менежментийг нь дэлхийд үйл ажиллагаа явуулж чаддаг томоохон компаниар хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлахад БНСУ-ын Хөгжлийн банк шалгарч байгаа. Гэрээ хэлцэл хийж дууссанаар санхүүжилтийн асуудал шийдэгдэх боломжтой.

-Бодлого гараад ажил эхлэх гэсээр байтал хугацаа алдаж энэ хэрээр ач холбогдол буурдаг тал бий. Бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгө оруулалтын үр шимийг бууруулахгүй байх, ажил цаг хугацаандаа эхлэх боломж бүрдсэн үү?

- Улсын төсвөөс нийт 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ нь орон нутагт эмнэлэг, сургуулийн барилга, аймгийн төвийн авто зам зэрэг томхон хөрөнгө оруулалт болж очсон. 2011 оны хоёрдугаар сарын 1 гэхэд бүх тендерийг зарлахыг Засгийн газар үүрэг болгож,  сонгон шалгаруулалтыг эрт эхлүүлсэн тул хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх боломж бүрдсэн. Аймаг бүрийг Улаанбаатартай холбох, хотын энэ их түгжрэлийг алга болгох зорилт бүхий гол гол замуудыг өргөтгөх, сайжруулах, давхар гүүр барих зэрэг хөтөлбөрийг Засгийн газраас сая баталсан. Нийт 1200 гаруй км зам барих, Улаанбаатарт дөрвөн гүүр барих, авто замыг өргөтгөх ажлыг хийж Хөгжлийн банкаар санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Эдгээр нь Улаанбаатарын түгжрэл, үүнд зогсож зарцуулж байгаа зардлыг бууруулахаас гадна аймгууд руу явж байгаа автозамыг сайжруулснаар орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ буух, аймгуудыг томоохон зах зээлтэй холбох, жижиг дунд үйлдвэрлэл, бусад үйлчилгээ хөгжих бололцоог хангаж өгөх юм. Ингэснээр алслагдсан аймгуудын иргэдийн амьжиргааны өртөг буурна хэмээн үзэж энэ ажлыг эхлүүлсэн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд иргэдийг сургах ажлыг зохион байгуулж, 2010 онд 22,600 хүнийг энэ сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан.

-Орон нутагт эрх мэдэл олгох тухай нэлээд ярьж байгаа. Үүний тулд хууль тодорохйо хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаад Засгйин газар яаж анхаарч байгаа вэ?

Орон нутгийн хөгжлийг хангахтай холбоотойгоор Төсвийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Гол зорилго нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх. Орон нутгийнхан өөрсдөө идэвх санаачилгатай, хүч бололцоогоо бүрэн ашиглаж дайчилж ажиллаж байж Монгол Улс жигд хөгжинө. Түүнээс бүх бодлого Засгийн газарт, хэдэн яаманд төвлөрөөд хөгжихгүй. Хаана шийдвэр байна, тэнд хөгжил байх учраас орон нутаг эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг, бүх нөөц бололцоогоо дайчилж ажилладаг бололцоог хангахын тулд Төсвийн тухай хуулийг боловсруулсан. Энэ нь Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэж нэг хууль болгоод УИХ-д барьсан, хэлэлцэж байгаа. Ингэж чадвал хөдөө орон нутагт хөгжлийг бий болгох хөшүүрэг болно. Үүний дараагаар Тендерийн тухай хуулиар төрийн яамд тендерт оролцдогийг болиулж байгаа, нөгөөтэйгүүр тухайн орон нутагт баригдаж байгаа сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн барилга барих зэрэг ажил үйлчилгээг худалдаж авах үйл ажиллагаагаа өөрсдөө шийдэх эрхийг орон нутагт өгөхөөр болж байна. Гагцхүү бүс, улсын шинж чанартай томоохон төслүүдийг яамд биш зөвхөн нэг агентлагийн хүрээнд зохион байгуулна, ингэхдээ цахим тоног төхөөрөмж, технологи ашиглаж тендерийг зохион байгуулна гэсэн өөрчлөлт бүхий хуулийг УИХ-д өргөн барьсан. Мөн монгол хүн эрүүл байх ёстой гэсэн зорилтын хүрээнд  эрүүл мэндийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх, хууль эрх зүйн орчныг нь олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх зорилгоор Эрүүл мэндийн тухай хууль,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Эрүүл мэндийн даатгалын систем бол бие даасан байдалтай байхын зэрэгцээ тухайн салбарынхаа санхүүжилтийн гол эх үүсвэр болох учиртай. Энэ зорилтыг Засгийн газар барьж эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлыг бүхэлд нь дүгнэхэд монгол хүнээ ажлын байртай болгоё, орон сууцтай болгоё,  сургая, хүн рүүгээ чиглэсэн бодлого авч хэрэгжүүлье гэсэн зорилтоо биелүүлсэн. Алдаа оноо аль аль нь байгаа ч, алдаагаа засаад, ололтоо улам баталгаажуулаад явах бүрэн боломж хамтарсан Засгийн газарт бий. Энэ 2011 онд өмнөх жилээсээ дутуугүй эрчтэй ажиллаж байгаа.

Н.САРАНГЭРЭЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.