Нийслэл агаарын бохирдлыг арилгахад энэ жил 30 орчим тэрбумыг зарцуулна
2011.04.20

Нийслэл агаарын бохирдлыг арилгахад энэ жил 30 орчим тэрбумыг зарцуулна

Нийслэлийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 2,5 дахин буюу 88,5 тэрбум төгрөг болтлоо өсчээ. Үүнээс хамгийн их төсөв хөрөнгө шаардаж байгаа нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын ажил юм байна. Мөнгөн дүнгээр бол 29,5 тэрбум буюу нийт хөрөнгө оруулалтын 33,4 хувийг энэ ажилд төсөвлөж байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ agaarнэмэгдэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дүүрэг, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хуулиар тогтоосон төсөвт өртөгийн хязгаарын тоог баримтлан дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудад эрх шилжүүлэх хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.

2011 оны хувьд ч энэ бодлогыг үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг дүүргүүд, мэргэжлийн байгууллагуудад эрх шилжүүлэн хэрэгжүүлнэ. 2011 онд агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалт дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байгаа юм. Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Улс, нийслэлийн төсвөөс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд ихээхэн хөрөнгө зарцуулж олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Нийслэлийн агаарын бохирдлыг арилгах гол арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны хороолол болгох явдал юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотын салхины зонхилох чиглэлийн дээд талд байрлаж хотын төвийн утааг нэмэгдүүлж байгаа Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэн орон сууцны 7 дугаар хорооллыг шинээр барих ажлыг хэрэгжүүлж эхлэх юм.

 

Тус хороололд 2011 онд БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр инженерийн иж бүрэн шугам сүлжээний ажил хийгдэх тул нийслэлийн төсвөөс 20,0 тэрбум төгрөг зарцуулан инженерийн шугам сүлжээний трасст болон эхний ээлжинд барилгажуулах талбайд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, талбай чөлөөлөх ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлсэнээр шинээр баригдах 7-р хороололд байрлаж байгаа 2880 айл өрхийн талбайд 10,0 мянган айлын орон сууц, үйлчилгээний иж бүрэн төв, сургууль цэцэрлэгийн барилга бүхий орчин үеийн хороолол бий болж, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна гэж тооцож байгаа юм. Тус хорооллын айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2010 оноос барьж эхэлсэн бөгөөд 2011 онд барилгын ажлын дуусгалд 8,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.