Энэ хуулийн ялгааг нь сайн таниулах хэрэгтэй байна гэлээ
2011.04.21

Энэ хуулийн ялгааг нь сайн таниулах хэрэгтэй байна гэлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

chuulgan_2010_05

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн Р.Раш, Р.Буд нар  хууль санаачлагчаас мэдээллийг авах боломж иргэдэд хэр зэрэг нээлттэй байхаар тусгагдсан болон мэдээллийг ямар хэлбэрээр, хэдий хэр цаг хугацаанд авах, улсын нууц, байгууллагын нууцын тухай хуультай хэрхэн зохицож байгаа эсэхийг лавласан. Мөн цахим мэдээллийн талаар тодруулахын хамт хэдийгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн талаарх хууль, журмаас өөр гэж хэлэх ч эрх нь зөрчигдсөн иргэдийн болон хувь хүний асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ, мэдээлэл авахын тулд хийх төлбөр ямар байх бол зэрэг асуултууд тавьсан.

 

Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуухдаа, энэ хууль маш чухал гэдгийг онцлоод, энд “хоёр толгой”-г тойрсон, үүнтэй холбоотой асуудлын тухай  мэдээлэл авах иргэдийн эрх  хэрхэн тусгагдсан бэ. Түүнчлэн хөдөө, орон нутагт УИХ-ын чуулганы талаар телевизээр гарахгүй, шууд дамжуулахаа больсон байна, яагаад тэр вэ, телевизүүдийг нэлээд “хааж боох” үзэгдэл байгаа юм биш үү. Энэ талаар хариулт өгөөч гэж байлаа.

 

Уг асуултад Засгийн газрын зүгээс хариулт өгөхдөө нэлээд тодорхой бус  хариулж байсан тул УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дахин тодруулж, телевизээр гаргаж буй кино мэтэд хориг тавих гэхчлэн агуулгын хориг тавиад, үдэш бүр шар айргаа сурталчлаад л байж байгаа шүү дээ гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ямар мэдээллийг гаргаж болох эс болохгүйн талаар сонирхож, ер нь мэдээлэл авах байдал нэлээд хаалттай байна гэдгийг жишээгээр өгүүлж байсан.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан асуухдаа, мэдээллийг олон нийтэд гадагш гаргахдаа анхаарсан нэг заалт байна, тухайлбал Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох мэдээлэл гэж юуг хэлээд байнаа, мэдээлэл авах цаг хугацааны үнэ цэнэ тааруухан тусгагдсан байна, тэр долоо хоногийн дотор мэдээлэл өгөх гэдгээ багасгах хэрэгтэй гэв.  Харин үүний хариуд ЗГХЭГ-ын дарга, таны асуултад хариулахад тэр сөрөг мэдээлэл гэдгийн талаар жишээ болгоод хэлчих юм надад одоо алга байна гээд энэ заалтыг хасч болох байх гэж байв.

 

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хэлэхдээ, хууль гараад хэрэгждэггүй явдал бий, тийм байдал үргэлжилж, тунхаглалын шинжтэй болох вий гэж байсан. Тэрээр 1990 оны үеийн хаалттай мэдээллийн талаар жишээ авч ярьж байв.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд асуухдаа, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулийг хэзээ Засгийн газар санаачилж оруулж ирэх гэж байна вэ.  Түүнчлэн энэ хуулийг Хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулиас ялгаатай гэдгийг сайн хэлж, тайлбарлаж өгөх хэрэгтэй байна гэдгийг онцолсон.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба  хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг эхэлж хэлэлцээд,  дараа нь ийм хуулийн талаар яривал яасан юм бэ, эсхүл хойшлуулж болохгүй юу гэж асуусан.

 

Мэдээллийн эрх чөлөө ба хэвлэлийн эрх чөлөө хоёр нь ялгаатай ч хоорондоо мөн хоёр сувгаар холбогддог гэдгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, мониторинг хийх юм нь хаана байна, хэр зэрэг зохицуулах вэ гэдгийг ярьж байсан. Тендерийн тухай хууль, Концессийн тухай хуультай холбоотой зүйлийг энд тусгайлан оруулсан байна, би бодохдоо тухайн хуулиндаа тэр нь зохицуулагдаж орох ёстой, гэхдээ маш чухал хуулийн талаар ч энд бас алга байна гэж байлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Сэдванчиг, Х.Жекей нар мөн асуулт асууж, хариулт авсан бөгөөд салбарын хэмжээнд болон бусад газар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар мэдээлэл авах тухай хэрхэн тусгагдсан болон мэдээллийн хэрэгсэл ашиглан арай дэндүү үйл ажиллагаа явагдаж байгаа зэргийг хөндсөн. Бусдыг ярилцлага өгсний дараа дэндүү харлуулах, мушгин гуйвуулах зэрэг зохисгүй зүйл их байгаа тул энэ талаар зохицуулах ямар заалт орж байгааг тодруулсан.  Мөн төрийн байгууллагуудаас болон ТББ-аас хэрхэн мэдээлэл авахыг гишүүн Х.Жекей тодруулсан юм.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Наранхүү энэ хуулийн төсөл хэр зэрэг цаг үеэ олсон эсэхийг асуугаад одоо тэртээ тэргүй бүх юм ил задгай болсон энэ замбараагүй үед мэдээлэл авах эрх чөлөөний тухай ярихаасаа илүү мэдээлэл авах эрх хэмжээнийх нь тухай ярих хэрэгтэй. Ерээд онд байсан бол мэдээлэл нэлээд хаалттай байсан тул хууль нэрнээсээ эхлээд ойлгомжтой байсан байх. Гэтэл одоо бид ямар орчинд байгаа билээ, нууцлалын мэдээний 90 хувийг шахам бид хэвлэл мэдээллээс авдаг гэсэн яриа бий. Тэгэхээр гадныхан энэ хуулиар бол, манай бүх мэдээллийг бараг авчих юм байна л даа. Нэлээд сайн бодолцох хэрэгтэй байхаа гэлээ. Харин үүнд Ч.Хүрэлбаатар дарга хариулахдаа, мэдээллийг ил тодорхой болгож амжаагүйгээсээ болоод олон сөрөг үр дагавар гараад байнаа, эрх чөлөө байгаа хэдий ч өгөх ёстой мэдээллийг өгөх л хэрэгтэй байхаа, цаг үеийн хувьд оновчтой гэж бодож байна гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Одхүү бид туйлшралгүй тэнцвэрийг сайн барих хэрэгтэй юм биш үү, бараг бүгдийг нь л нээлттэй гээд явсан байна гэлээ. Тэрээр энэ хуулийн төсөлд нэлээд айхтар хатуу заалт их байна. Гэтэл өмнөх түрүүн яригдсан зохицуулалтыг сайн хийгээгүй байгаа тул хууль батлагдаад гарсан цагт хариуцлагын тогтолцоонд бэрхшээл учирч болох юм биш үү гэж байв. Мөн мэдээллийн түвшин гэдгийг тавьж өгөх хэрэгтэй. Хүн гэдэг чинь их сонин юм асуудаг, тэгэхээр мэдээллийг боловсруулах түвшний заалтыг оруулж өгөх хэрэгтэй байх гэв. Харин үүнд Ч.Хүрэлбаатар дарга хариулахдаа, тийм баланс алдагдах зүйл гарахгүй гэж бодож байгаа,  мэдээллийг тухайн байгууллага гаргахдаа нэг их ажил болохгүй байх, харин боловсруулах тал дээр мэдээж судалгаа хэрэгтэй болно биз дээ. Түрүүн ярьсан,  хуулиудыг нэгтгээд гаргая гэдгийг зөв байх гэж үзэж байгаа гэсэн юм.

 

Дараа нь гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэлэхдээ, улс төрчидтэй хэвлэл мэдээлэл орооцолдох асуудлыг хязгаарлая, энэ нь нийгэмд ямар их хохирол үзүүлж буйг бүгд мэднэ. Мөн үүнээс болоод мэдээлэл үнэгүйдсэн. Энэ их олон хэвлэл, телевизийг төр өөрөө бий болгосон, тэгээд энэ нь улс орны аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байхад гол асуудлаа ярих хэрэгтэй. Мэдээллийг ингэж хавтгайруулж байгааг болиулах, ярих цаг нь болсон. Улс төрчид хэвлэлийг санхүүгээр дэмжиж буйг болих, цэгцлэх хэрэгтэй гэсэн.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ бол чухал хууль гэдгийг онцлоод, төрийн байгууллагын ил тод байдалтай уялдуулсан хамгийн чухал хууль юм гээд нууцтай холбоотой асуудал хамт тавигдах ёстой гэв.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба  сэтгүүлчид болон  хэвлэл мэдээллийн хэрэгслийг хараат бус болгох нь маш чухал. Тэгэхээр өнөөдрийн энэ хуулийг тэдгээртэй холбогдсон хуультай хамт хэлэлцэх ёстой. Олигархиудын өмчлөлд байгаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл Монголд сайн үр дагавар авчрахгүй,  гол асуудлаасаа хөндийрөөд хэрэггүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард хэн сууж байгааг шаардлагатай үед нь хэлнэ. Ингэж байж л мэдээлэл авах эрх чөлөөний тухай ярих хэрэгтэй, нууцын тухай ярих хэрэгтэй гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг энэ хуультай холбоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг ярих хэрэгтэй. Бид хэвлэлийг төрийн мэдлээс гаргасан ч эргээд улс төрчдийн хараат болгосон. Бид дотоод асуудлаа энд ярьдаг ч нээлттэй гэдгийн дор Парламентын сувгаар УИХ-ын бүх хэлэлцэж байгаа дотоод асуудал гадаадад нээлттэй ил болсон. Яагаад гэвэл энэ телевизийн ард гаднын эзэд сууж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Намын санхүүжилтийн үйл ажиллагааны ил тод байдлын мэдээллийг энэ хуулийн төсөлд  оруулъя. Монголын хэвлэлүүд улс төрчид бие биенээ намнадаг хэрэгсэл болжээ, үүнийг өөрчлөе гэж байлаа.

 

Ингээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслөөр асуулт асууж, хариулт авч дууссан болон гишүүд саналаа  хэлж дууссаныг хэлээд санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 86 хувь нь  хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Үүгээр үдээс өмнөх  хуралдаан өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.