Д.Батбаяр: УИХ-ын гишүүд шоудах биш зөв бодлого гаргамаар байна
Манай сонин өнгөрсөн оноос эхлэн Туул голын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүдээс санал асуулга авч байгаа. Мөн "Туул голын тухай хууль санаачилсан хүнийг Зайсан толгойд мөнхөлнө өө" гэсэн нийтлэл гаргаж байсан билээ. Манай сонины энэ бух хичээл зүтгэл үр дүнд хүрч, ойрноос энэ асуудлаар төрийн хэмжээнд ярьж эхэлсэн. Салбарын яамнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Харин энэ удаагийн "Та Туул голын тухай хууль санаачлах уу" буландаа УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Л.Гансүх нарыг урьж, байр суурийг нь сонслоо. Мөн Байгаль орчны яамнаас ямар үйл ажиллагаа зохион байгуулж буйг сонирхсон юм.
-Туул голыг хамгаалах талаар олон янзын хөдөлгөөн өрнөж байна. Төрийн ордонд салбар яамныхан болон албаны хүмүүс оролцсон хэлэлцүүлэг боллоо. Одоо Туул голд зориулсан хууль батлах цаг болсон юм биш үү?
-Хууль гаргах асуудлаар хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор ч ярьсан. Би бас Туул голын судалгааг зохих хүмүүсээр авахуулж байна. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон хоёр гишүүн байдаг. Г.Баярсайхан бид хоёр л доо. Г.Баярсайхан гишүүн одоо Таван толгойн асуудлыг хариуцаад ажиллаж байна. Харин би Туул голын асуудал руу орж байгаа. Энэ голын хөвөөнд амьдарч байгаа хүний хувьд ч, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд ч энэ асуудлыг шийдэх талаас нь ажиллах нь зүйтэй. Өнөөдөр Туул голд хятадууд ширээ угааж байна, хайрганы үйлдвэр ажиллаж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс болоод Туул гол ширгээд байгаа нь үнэн. Гэхдээ энэ жил бүр ч илүү хурдацтайгаар тасалдсан байна. Тасалдсан газрыг нь би өөрөө очиж нүдээрээ харсан. Үүнийг бид зогсоох ёстой. Олон жил худлаа ярилаа, хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Үр дүн алга.Тэгэхээр одоо хууль гаргаж, энэ бүхнийг таслан зогсоох нь зүйтэй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бид усны асуудалд дээд зэргээр анхаарал хандуулахгүй бол ямар ч бодлого алга. Орон сууцныхан ямар үнээр ус хэрэглэж байна. Гэр хорооллынхон ямар байгаа билээ. Гэтэл уул уурхайн компаниуд иргэдээсээ бага үнээр ус хэрэглэж байна.Тэр том том уурхайнууд гэр хорооллын ядуу иргэнээс хямдхан үнээр ус аваад байж байна гэдэг утгагүй биз дээ. Тэгэхээр ямар ч тайлбар сонсохгүйгээр зохицуулалт хиймээр байна. УИХ-ын гишүүд шоудах биш зөв бодлого гаргамаар байна.
-Та өөрөө хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулж байгаа юу?
-Боловсруулж байгаа. Надтай олон хүн уулзаж байна.Төсөл боловсруулах ажил ид дундаа явж байгаа.
-Хамгаалах чиглэлийн төсөл үү?
-Туул голыг яаж ширгээхгүй байх вэ.Ямар аргаар цэвэрхэн байлгах вэ.Тэр дундаа Улаанбаатар хотын дундуур яаж цэвэрхэн урсгах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Наад зах нь машинаа угаагаад байгаа хүмүүсийг яаж болиулах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Бид очиж загнаад, торгоод байх биш хууль гаргах ёстой. Энэ бүхэнд чиглэсэн төсөл байна. Үүнийг ганцхан голд зориулсан хууль гаргалаа гэж ойлгож болохгүй. Энэ голоос Монгол Улсын хүн амын тал нь ундаалж байна. Олон ан амьтан, малын ундаа болсон. Тийм учраас ач холбогдол өгөх ёстой. Монголд олон сайхан нуур, гол байсан. Дуут нуур, Жирмийн цагаан нуур, Эрээн нуур гээд л. Гэтэл өнөөдөр нуураа дуулсан дуутай л үлдсэн байна.Тиймээс бид ирээдүйд Туул голын тухай дуутай үлдэх биш голтойгоо үлдэх хэрэгтэй байна.
Н.Пунцагболд
Монголын мэдээ