Л.Гансүх:Бид яаж ийж байгаад загас үхүүлэхгүй
2011.04.23

Л.Гансүх:Бид яаж ийж байгаад загас үхүүлэхгүй

Манай сонин өнгөрсөн оноос эхлэн Туул голын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүдээс санал асуулга авч байгаа. Мөн "Туул голын тухай хууль санаачилсан хүнийг Зайсан толгойд мөнхөлнө өө" гэсэн нийтлэл гаргаж байсан билээ. Манай сонины энэ бух хичээл зүтгэл үр дүнд хүрч, ойрноос энэ асуудлаар төрийн хэмжээнд ярьж эхэлсэн. Салбарын яамнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүд Туул голыг хамгаалах асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Харин энэ удаагийн "Та Туул голын тухай хууль санаачлах уу" буяндаа УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Эрүүл мэндийн Сайд С.Ламбаа, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Л.Гансүх нарыг урьж, байр суурийг нь сонслоо. Мөн Байгаль орчны яамнаас ямар уйл ажиллагаа зохион байгуулж буйг сонирхсон юм.

-Ойрноос Туул голтой холбоотой олон хэлэлцүүлэг өрнөж, ажил эхэлж байх шиг байна. Энэ үед салбар яамнаас ямар ажил хийж байна вэ?

-Бид сүүлийн хэдэн жил судалгааны ажил хийлээ. Тэгэхэд  Туул голоос нийслэлчүүд жилд 52 сая тонн ус  хэрэглэж  байна. Өвлийн цагт Туул гол ёроолдоо хүртэл хөлддөг.Түүнээс доош тодорхой газар хөлддөг.Түүнээс доош ус урсаж байгаа. Гэтэл нийслэлчүүд өвөл зунгүй ус хэрэглэж байгаа учраас тэр хөлдсөн үеэс доош байгаа ус урсаж буй талбайн усыг сороод авчихдаг. Харин хавар болоод мөс хайлахаар өнөөх жаахан ус чинь нөгөө ус нь сорогдчихсон хайрга, элсэн дундуур орчихдог. Ийм маягаар гол тасарч байгаа юм. Үүнээс  харахад Туул голын даацын хэмжээ хэтэрсэн нь мэдэгдэж байна. Тийм учраас одоо бид Туул голын газрын гадаргын усыг тогтоон барих боомт барьж байгаа юм. Дөрвөн боомт барих ёстой. Эхний боомтын ажлын судалгаагаа хийж байна. Хоёр сарын дотор судалгаагаа хийгээд, Японы институт зураг төслийнх нь ажлыг боловсруулаад, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд дуусгана. Харин хоёрдугаар улирлаас барилгын ажил эхлэх юм.Энэ боомтыг байгуулснаар бороо, цасны усыг тогтооно барина. Тэндээсээ жилийн дөрвөн улиралд жигдхэн урсгах юм. Ингэхээр тасалдах асуудал гарахгүй байх. Мөн Улаанбаатар хотын ойр Туул, Сэлбэ голын эргийн ойролцоо амралтын бааз байгуулна.Үүнийг Солонгосын компанитай  хамтраад хийх юм.

gansukh_said_01-Урсацын асуудлыг ингээд шийддэг байж. Цэвэр болгох тал дээр ямар ажил хийж байна?

-Туул гол дээр таван цэвэрлэх байгууламж байгаа. Энэ бүх цэвэрлэх байгууламжийг бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй. Энэ талаар тодорхой ажил хийж байгаа. Зураг төслийг нь гаргачихсан.

-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэсэн.Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

-Хоёр жилийн дотор хотоос гаргана. Тэр болтол бид 1.7 тэрбум төгрөг гаргаад "Харгиа" цэвэрлэх байгууламжийн горимыг янзалж байна.Ойрын хоёр жилдээ цэвэрлээд байж болох байх.Тэр хооронд Эмээлтэд шинэ цэвэрлэх байгууламж барих юм.

-Одоо загас ихээр үхэж байгаа.Энэ асуудлыг яаж зохицуулах вэ.Та хоёр жилийн дотор загас үхүүлэхгүй байна гэж байсан.Тийм арга байна уу?

-Бид яаж ийж байгаад л загас үхүүлэхгүй байх талаар арга хэмжээ авна. Харин шинэ цэвэрлэх байгууламж баригдаад, голын бохирдол арилбал энэ асуудал аяндаа алга болно.

Н.Пунцагболд

Монголын мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.