Элсэлтийн шалгалтад 39 мянган хүүхэд бүртгүүлжээ
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдаж, их дээд сургуулийн босго алхдаг. Энэ ажлыг жил бүр Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг. Энэхүү шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд орон даяар эхэлсэн бөгөөд 74 хоног үргэлжилж энэ сарын 22-нд дууссан. Жил бүр уг шалгалтад 40 орчим мянган шалгуулагч оролцдог бол энэ жил 39 орчим мянган хүүхэд бүртгүүлсэн байна. Харин энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагчид шалгалт өгөх элсэлтийн ерөнхий шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудас буюу суудлын хуваариа шалгалт эхлэхээс өмнө тухайн харьяаны Боловсрол, соёлын газар, хэлтсээр дамжуулан авах юм байна. Мөн Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа зургадугаар сарын 2-ноос эхлэн "Соёмбо" дээд сургуульд байрлах Бүртгэлийн үнэлгээний төвийн зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудаас авах ажээ. Харин элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-19-ний өдрүүдэд болох юм байна.