Түймрийн мэдээг интернетээр солилцоно
ОХУ-ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч П.В.Плат манай улсад энэ сарын 25-28-ний өдрүүдэд айлчилсан билээ. Энэ хүрээнд үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах Монгол, Оросын комиссын XI хуралдаан зохион байгуулсан юм. Мөн Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, багаж, техник хэрэгсэлтэй танилцсан байна. Айлчлалын хүрээнд хоёр улс ой хээрийн түймрээс сэргийлэх, хил дамнан гардаг ойн түймрийн гарах нөхцөлийг урьдчилан арилгаж байхын тулд интернэтээр харилцан мэдээлэл солилцож байхаар болжээ. Түүнчлэн хил залгаа аймгуудад хил дамнасан онцгой байдал гаргахгүй байх, хил орчмын нутагт малын голомтот болон гоц халдварт өвчин гэх мэт нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэдээллийг цаг хугацаанд нь мэдээлж байх, мэдээллийг шуурхай солилцож байхаар болсон байна. Мөн талууд Монголын Онцгой байдлын байгууллагад шаардлагатай эрэн хайх, аврах 'техник хэрэгслийн жагсаалтыг гаргаж, уг техник хэрэгслийг худалдан авах боломж, нөхцөлийг тодорхойлохоор тохиролцжээ.