Оюутнуудын замын зардлыг бүтнээр нь олгоно
Аймаг, орон нутгаасаа 500 км болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдад замын зардлыг нь эргүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, оюутнуудад өвлийн амралтаараа орон нутагтаа амрахаар явсан нэг талынх нь зардлыг олгодог байсан бол ирэх жилээс хоёр талынхыг нь өгөхөөр болжээ. Ингэхдээ тээврийн зардлын очсон, ирсэн баримтыг үндэслэн Сургалтын төрийн сангаар дамжуулан олгох юм. Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт "500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцах оюутны ирэх, буцах замын зардлыг төрөөс жилд нэг удаа хариуцна" гэж тусгасан бөгөөд энэ оны төсөвт 1.1 тэрбум төгрөгийг баталсан байна. Сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар нэг хүн дунджаар 32977 төгрөгийг нэг талын замын зардалд авсан бөгөөд давхардсан тоогоор нийт 43681 оюутанд 1.4 тэрбум төгрөг олгожээ.