Тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгжийг бүртгэлээс хасна
УИХ-аас баталсан Статистикийн хууль болон Засгийн газрын 61 тоот тогтоолыг үндэслэн дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн аж ахуйн нэгжийн улсын тооллогыг орон даяар явуулж байгаа. Таван жилд нэг удаа болдог уг тооллогод Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага заавал хамрагдах ёстой.
Тооллогыг нэг сарын хугацаанд явуулахаар тогтжээ. Монгол Улсын хэмжээнд 72 мянга 900 гаруй аж ахуйн нэгжийн бүртгэл Статистикийн хороонд байдаг байна. Өчигдрийн байдлаар 50 мянга гаруй аж ахуйн нэгжийг тооллогод хамруулжээ. Хэрэв заасан хугацаанд бүртгэлдээ хамрагддаггүй аж ахуй нэгжийг улсын бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Хуульд нь ч ийм заалт байдаг ажээ. Уг тооллогын ажлыг зохион байгуулж буй Үндэсний статистикийн хороо нь байгууллагын нууцыг "Байгууллагын нууцын тухай", "Статистикийн тухай" хуулийн холбогдох заалтын дагуу нууцлан хадгалах үүргийг хүлээдэг байна. Аж ахуйн нэгжийн тооллогын асуулга нь аж ахуйн нэгжийн дарга, эзний хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, 2010 оны жилийн эцсийн ажиллагчдын тоо, борлуулалтын орлого, нийт хөрөнгийн хэмжээ зэрэг эдийн засгийн зарим үзүүлэлтээс бүрдэх аж.
Тухайн аж ахуй нэгж байгууллага тооллогод хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны жилийн эцсийн тайлан тэнцэл, асуулгын хуудас үнэн зөв болохыг батлах тамга, болон иргэний үнэмлэх зэргийг авчирна.