Ноолуурын салбарыг дэмжин 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргана
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” /ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор/ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монголын ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”, “Буян”, “Алтай Кашимер”, “Эрдэнэт хивс” зэрэг 12 компанийн удирдлага хэлэлцэн тохирч, “Монгол ноолуур” нэгдлийг энэ оны гуравдугаар сард байгуулжээ. Тус нэгдэл нь үйлдвэржилтийн хоршил, төрөлжилтийг гүнзгийрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм байна.
Боловсруулаагүй ноолуурт ногдуулдаг байсан экспортын татварыг тэглэсэн болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай анхан шатны үйлдвэрүүд олноор байгуулагдсанаас шалтгаалан сүүлийн жилүүдэд угаасан болон түүхий ноолуурын экспорт нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил л гэхэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 4900 тонн түүхий ноолуурыг угаасан хэлбэрээр татваргүй экспортолж, харин үндэсний үйлдвэрүүд 700 орчим тонн ноолуур худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн тооцоо байгаа юм.
Манай улс сүүлийн жилүүдэд жилдээ дээд тал нь 7000 орчим тонн ноолуур бэлтгэж байгаагийн 2.8 мянган тонныг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалан ноолуурын 20 орчим хувийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж. Ноолуур боловсруулах салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13, анхан шатны боловсруулалтын 25, дагнасан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30 орчим үйлдвэр, өрхийн 200 гаруй жижиг болон бичил үйлдвэр, цехэд 6000 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Энэхүү үйлдвэрүүдийг жилийн турш сул зогсолтгүй ажиллуулахад түүхий эдийн нөөц, түүнийг худалдан авах эргэлтийн хөрөнгө шаардлагатай болжээ.
Тиймээс Засгийн газраас ноолуур боловсруулах хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байр шинээр бий болгох “Монгол ноолуур” нэгдлийн зорилгыг дэмжих зорилгоор Засгийн газрын 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцлөөр гаргаж, ноолуур гүн боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Ноолуурын салбарыг дэмжих зорилгоор гаргах Засгийн газрын 110 тэрбум төгрөгийн бондыг хямдруулан арилжаалж, хөрөнгийг нь татан төвлөрүүлэн ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчдийг “Монгол ноолуур” нэгдлээр дамжуулан санхүүжүүлэх аж.
Ноолуурын салбарт энэхүү дэмжлэгийг үзүүлснээр тус салбарын одоо ажиллаж байгаа 6000 гаруй ажлын байр хадгалагдаж, шинээр 1600 гаруй ажлын байр бий болон, 250 гаруй тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүний 80 орчим хувийг экспортод гаргах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
Байнгын хорооны зарим гишүүд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилготой байгаа бол ноолуурын эскпортын татварыг тогтоох хэрэгтэй. Энэ асуудал яригдаж байгаад намжсан, юу болсон бэ хэмээн тогтоолын төслийг танилцуулсан ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгаас лавлаж байсан. Сайдын тайлбарласнаар Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд ноолуурт экспортын татвар ногдуулбал малчдын гар дээр байгаа ноолуурын ханш унан үнэгүйдэх аюултай хэмээн үзсэн аж. Байнгын хороогоор энэхүү тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.