Хуучин мөнгөн тэмдэгтийг худалдана
Хуучин мөнгөн тэмдэгтийг худалдах, хадгалах журам батлагдан гарлаа. Энэ журмын зорилго нь Монголбанкны нөөцөд байгаа Монгол Улсын 1992 оноос өмнө гүйлгээнээс хасагдсан зоосон болон цаасан дэвсгэртийг худалдах, хадгалахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад орших ажээ. Энэ журмыг Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар,Тамгын газар болон Төлбөр тооцоо, бүртгэлийн газар тэдгээрийн захирал, ажил хариуцсан эдийн засагч, нягтлан бодогч, нярав нар үйл ажиллагаандаа дагаж мөрдөх гэнэ. Хуучин мөнгөн тэмдэгтийн үнийг тогтоохдоо зах зээлийн үнийг үндэслэн боловсруулж, худалдах үнийг нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоох ажээ. Мөн хуучин мөнгөн тэмдэгтийг худалдахдаа зөвхөн дуудлага худалдаагаар худалдах бөгөөд дуудлага худалдааг жилд нэг л удаа явуулах юм байна.Түүнчлэн хуучин мөнгөн тэмдэгтийн эх загварыг худалдахыг хоригложээ. Нэн ховордсон хуучин мөнгөн тэмдэгтийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг баяжуулах зорилгоор бусад банк, аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авч болохоор журамд оруулжээ.