Хөдөлмөрийн өдрөөр 880,7 сая төгрөгийн ажил хийжээ
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг "Хөгжлийн төлөө хамтдаа" уриан дор "Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр" болгохоор тогтсон билээ. Нийслэлд энэ өдөр өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах, мод тарих зэрэг ажлуудыг иргэд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд идэвхтэй өрнүүлсэн юм. Харин аймаг орон нутагт орон нутгийн чанартай зам, даваа засах, аймаг, сум хоорондын замын тэмдэглэгээг сайжруулах, орчин тойрноо тохижуулах зэрэг ажлуудыг хийсэн байна. Энэ өдрөөр аймаг орон нутагт 3220 аж ахуйн нэгж байгууллагын 120,535 мянган хүн 495,2 сая төгрөгийн ажил хийсэн байна. Харин Улаанбаатар хотод яамд болон нийслэлийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн 1299 байгууллагын 55,069 хүн 385,4 сая төгрөгийн ажил буюу улсын хэмжээнд нийт 4519 байгууллагын 175,604 хүн 880,7 сая төгрөгийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээний ажил хийжээ.
НХХЯ-наас нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтыг орон даяар үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсан байна.