Хилийн боомтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэхээр болов
Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хилийн боомтуудад бүс нутгийн онцлогт тохирсон, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, нэвтрүүлэх хүчин чадал өндөртэй дэд бүтцийг бүрдүүлж, олон улсын жишигт хүргэх, хил орчмын нутаг дэвсгэр хилийн боомтуудад түшиглэн хөгжих чиг хандлагыг бий болгох, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн хамгаалал, эдийн засгийн баталгааг дээшлүүүлэх зорилгоор энэ тогтоолын төслийг боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулгадаа дурдав. Одоогоор манай улсад хилийн 40 гаруй боомт байгаагаас 26 нь ажиллаж байгаа, харин хоёр талын асуудлаас шалтгаалаад 18 боомт нь ажиллахгүй байгааг сайд хэллээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Х.Бадамсүрэн, Ж.Батсуурь нар хилийн боомтод үйл ажиллагаа явуулдаг хил, гааль, мэргэжлийн хяналт, хорио цээрийн дэглэмийн байгууллагыг нэгдмэл удирдлагатай болгож болохгүйн учрыг тодруулахад сайд Ц.Нямдорж :Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн дөрвөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс ажлын хэсэг дээр гурван хувилбар яригдснаас хилийн боомт нь захиргаатай байх хувилбарыг оруулж ирж байгаа юм. Энэ нь боомтын бүтээн байгуулалт, дэд бүтэц, хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй байгууллага байх юм. Харин мэргэжлийн байгууллагууд нь тус тусдаа хуультай, тус тусдаа босоо удирдлагатай учраас нэг удирдлага дор нэгтгэж удирдах боломжгүй. Иймээс орон тооны бус зөвлөлийн хэлбэрээр хилийн байгууллага нь голлох үүрэгтэй зохицуулалт хүлээх, гэхдээ зөвлөлийг ээлжлэн удирдаж ажиллахаар тусгасан. Бие даасан агентлаг гаргавал хүн хүч, цалин, орон тоо, техник хангамж гээд багагүй хөрөнгө шаардагдаж, төсөвт дарамт болохын зэрэгцээ хуулийн зөрчил үүсэх магадал ихтэй гэдгийг хэлэв.
Мөн гишүүн С.Бямбацогт хилийн боомтын дамжин өнгөрүүлэх хүчин чадал муугаас ачаа тээш ихээхэн хүлээгдэж инфляци өсөхөд хүрдэг тул энэ талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг сонирходод Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Мурат “Төмөр замын ачааллаас улбаалж хүндрэл учирч байсан тал бий. Гаалийн байгууллага нийт бараа бүтээгдэхүүний 60-70 хувийг эрсдэл тооцсоны үндсэн дээр нэвтрүүллж байгаа тул цаашдаа хүндрэл бөөгнөрөл гарахгүй гэж үзэж байгаа” гэлээ. Харин Ц.Нямдорж сайд хэлэхдээ, боомтын ачаалал эрс өсч байгаа. 2010 онд гэхэд зөвхөн Замын–Үүд боомтоор 1.7 сая хүн, 629 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол Гашуун сухайтын боомтоор 470 мянган хүн, 314 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн дүн мэдээ байна. Цаашдаа төмөр замын даацыг сайжруулахгүй, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхгүйгээр, Гашуун сухайт, Нарийн сухайтад төмөр зам тавихгүйгээр асуудлыг шийдэх ямар ч боломж байхгүй гэдгийг хэлэв. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга Б.Сэргэлэн хилийн боомтын зорчигч, тээврийн тоо сүүлийн үед эрс өсөн нэмэгдэж байгаа талаар зарим баримт дурдав. Тухайлахад 2010 онд манай улсын хилээр 183 орны 3.8 сая гаруй иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь 2009 оныхоос зорчигчийн тоо 30 хувь, тээврийн хэрэгслийн тоо 55 хувиар өссөн байна.
Дараа нь гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар саналаа хэлэв. Гишүүн Н.Энхболд хилийн боомтын асуудлыг зөв зохицуулж шийдэх нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, ядахдаа өсөлтөд дэмжлэг үзүүлж чадахгүй юмаа гэхэд саад тотгор болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай тул хэлэлцүүлгийн дараагийн шатанд сайн нягталж харах зүйл нэлээд байгаа, харин гишүүн Г.Батхүү энэ нь УИХ-ын арав гаруй гишүүн хилийн боомтуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, гурван байнгын хорооны хурлаар ярилцаж байсан асуудал гэдгийг онцлоод хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн бүтэц, нэгдмэл удирдлагатай болгох асуудлыг УИХ бодлого болгож Засгийн газарт чиглэл өгснийг дурдав. Мөн гишүүн Д.Оюунхорол, Р.Гончигдорж нар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол гишүүн Л.Гантөмөр эсрэг саналтай буйгаа хэллээ. Тэрбээр төрийн бодлого бол хууль л байх ёстой, гэтэл манахайн сүүлийн үед бодлогын баримт бичиг гэсэн баахан бичиг цаас цуглуулдаг, тэр нь ч хэрэгждэггүй. Иймээс цаашдаа бодлогоор гарсан журмаар явдгаа болих, эхлээд хуулиа гарахын оронд бодлогын баримт бичиг гэсэн юмтай зууралдаж цаг алддагийг болих хэрэгтэйг сануулав. Мөн гишүүн Ц.Баярсайхан тогтоолын төсөл нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг дамжуулж гаргахад чиглэгдсэн, иргэд харилцан зорчих, арилжаа наймаа хийх асуудлыг орхигдуулсныг шүүмжилсэн бол гишүүн Ч.Сайханбилэг ийм бодлогын баримт бичиг баталж байснаас тухайн салбарын хуульд нь өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй байр суурийг намын бүлгийн гишүүд гаргаж байсныг хэлээд ер нь УИХ тунхагийн чанартай ийм баримт бичгийг багасгах, чухал гэсэн бодлогын асуудлаа Засгийн газар ярилцаж шийдээд явдаг болох хэрэгтэй юм гэдгийг онцолж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 33 нь буюу 82.5 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороондл шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.