Амины орон сууцтай болоход таван сая төгрөгийн урамшуулал олгоно
Барууны кинонуудад өөрийн гэсэн эдлэн газартаа хүссэн загвараараа байшингаа барьж, орчноо цэцэрлэгжүүлсэн, атаархмаар амар амгалан амьдрал харагддаг даа. Өдгөө монголчууд, тэр дундаа нийслэлийнхэн нийтийн орон сууц гэхээсээ илүү амины сууцыг сонирхох болжээ. Энэ боломжийг олгодог газрууд ч олширсон байна. Нэгэнт төрөөс олгосон үнэгүй газартаа хүссэн загвар, шийдлээрээ орон сууц барьж амьдрах нь нийтийн байрнаас хавьгүй ашигтай гэдгийг хүмүүс ойлгох болсон байна.Тиймээс хямд өртгөөр, хурдан хугацаанд хэрхэн амины орон сууцтай болох боломжийн талаар сурвалжиллаа.
Амины орон сууцанд олгох таван сая төгрөг хоёр давхар байшинд хамаарахгүй
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЗТБХБЯ хамтран барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийг хэрэгжүүлж байгаа.Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хүмүүст барьж өгөх аж. Энэхүү төслийн хүлэмжийн хийг бууруулах зорилготой, байгальд ээлтэй талыг нь үнэлж, Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төсөл хамтран ажиллахаар болжээ.Тиймээс амины орон сууц барьж байгаа хүмүүст "Цэвэр агаар" төслөөс таван сая төгрөгийн татаас олгохоор болсон аж. Нэг ёсондоо санхүүгийн хүндрэлтэй иргэдэд барилга барих эхний санхүүжилтийг нь олгож байгаа гэсэн үг. Энэ талаарх мэдээллийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Барилга эрчим хүч, хэмнэлтийн төслийн техник хөгжил, сургалт хариуцсан ажилтан Ц.Баттөртэй ярилцлаа.
-Танай төслийн шугамаар амины орон сууц бариулъя гэвэл ямар ч хүн хандаж болох уу?
-Энэ төслөөр гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Нэгд нь Монгол Улсын барилгын салбарт дагаж мөрддөг барилгын эрчим хүч, хэмнэлтийн норм дүрмийг шинэчлэн сайжруулах, шинээр бий болгох зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёрт эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийг зах зээлд нэвтрүүлж, иргэдэд таниулах ажил хийж байна.Тэгэхдээ аман яриа юм уу, цаасан хэлбэрээр таниулахаас гадна хашаанд нь барьж өгч байгаа. Гуравт, орон сууцыг барихад иргэдэд санхүүгийн хүндрэл үүсэх юм бол түүнийг шийдвэрлэх тал дээр хамтарч ажилладаг. Энэ төсөл нийслэлийн зургаан дүүргийн хоёр, гуравдугаар бүсэд үйлчилнэ. Газарт орох магадлал өндөр учраас хотын нэгдүгээр бүсэд хамаарахгүй байна.Тиймээс манай төсөлд хамрагдаж байгаа хүмүүс тухайн дүүргийнхээ газрын албанаас аль бүсийнх гэдгээ тодорхойлуулах шаардлагатай.
-Өртгийн хувьд энгийн орон сууцнаас өндөр үү. Зээлийн нөхцөл ямар байх вэ?
-Манайх "Хас" банктай хамтран ажилладаг. Энэ банкнаас амины орон сууцны зээлийг тусгайлан өгч байгаа. Зээлийн хүү сарын 1.4-1.5 хувь, арав хүртэлх жилийн хугацаатай. "Хас" банк манай төсөлтэй хамтарч ажилладгийн хувьд хөнгөлөлт үзүүлсэн хэд хэдэн нөхцөл бий. Жишээ нь, аль ч банкнаас зээл авах гээд очихоор барьцаа хөрөнгө шаарддаг шүү дээ. Харин "Хас" банк барьж байгаа байшинг нь барьцаа болгож байгаа. Мөн өндөр настай, тэтгэврийн хүнийг зээлд хамруулдаггүй юм билээ. "Хас" банк бол хамруулъя гэж байгаа. Мэдээж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц уламжлалт сууцнаас илүү үнэтэй. Нэгж талбайн үнэ одоогийн байдлаар 250-390 мянган төгрөг байна.Тиймээс манайхны орлогын төвшнөөс даваад байна гээд Мянганы сорилтын санд хандсан юм.Тэд манай зураг төсөл, барилгын материалын чанар, үйлдвэрлэл зэрэг бүхий л зүйлийг судалж үзээд, баригдаж байгаа байшингуудад таван сая төгрөгийн урамшуулал олгохоор болж байгаа юм. Гэхдээ хүнд нь биш, байшинд нь олгож байгаа мөнгө гэдгийг ялгах хэрэгтэй. 65 метр квадрат хүртэлх байшингуудад энэ татаасыг өгч байгаа. Гэхдээ энэ нь хоёр давхар байшинд хамаарахгүй.
-Хэдэн төрлийн барилгын материалаар амины орон сууц барьж байгаа юм бэ. Хүмүүс модон материалыг илүү сонирхох юм?
-Эрчим хүчний хэмнэлттэй гээд цоо шинэ материалаар барилга барих гээд байгаа юм биш. Манайх төсөл учраас гадаадаас материал оруулж ирээд, борлуулах гээд байгаа юм байхгүй. Барилгын технологийг сайжруулж, дулааны алдагдал багатай байшинтай болгоход анхаарал хандуулж байгаа юм. Манайх гурван төрлийн барилгын технологийг санал болгож байна. Нэгд модон араг бүтээцтэй барилгын технологи. Үүнийг манайхан канад барилга гэдгээр нь мэддэг. Мөн тоосгон өрөгт бүтээцтэй болон хөнгөн бетон өрөгт бүтээцтэй барилга. Эдгээр барилгын технологи дээр ажлын зургийг нь хийсэн. Энэ нь хэдэн өрөөтэй, хаанаа гал тогоо, унтлагын өрөө байх вэ гэх мэт барихаас бусдыг нь тодорхой болгосон гэсэн үг. Барилгын зургаа гаргасны дараа тендер зарлачихсан байгаа.Тиймээс иргэд хүсэлтээ гаргахад тендерт ялсан компаниуд танай газар дээр очиж, амины орон сууцыг нь барьж өгнө гэсэн үг. Барилгын компаниудын хэлж байгаагаар бол дунджаар нэг сарын хугацаанд барих боломжтой.
-Гурван төрлийн материалаар байшинг барих юм байна. Харин загвар, шийдлийн хувьд ямар байх вэ?
-Нийт 21 төрлийн загварын зураг гарсан байгаа. Энэ жил бид хүмүүсийн хүсэлтийг харгалзаад хоёр давхар байшингийн зураг гаргасан. Энэ нь тоосго, хөнгөн бетон материалтай байгаа,
45 квадрат метр талбайтай амины орон сууц 22 сая төгрөгт багтана
ШУТИС, Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн төсөл хамтран бас нэгэн амины орон сууц барих төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл нь канад загварын модон байшин барихад иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг юм байна. Тус төслийг манайд 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд барьдаг, байгальд ээлтэй зэрэг онцлогтой учраас Засгийн газраас энэ төрлийн барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ.Тухайлбал, ЗТБХБЯ-наас "Сумын төв" төслийг таван аймагт хэрэгжүүлж, эмнэлэг, сургууль, захиргаа зэрэг сумын төвийн бүх барилгыг модон караказаар барих болсон байна. Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийн талаар төслийн менежер Т.Баясаагаас тодрууллаа.
-Модон араг бүтээцтэй байшин барихад танайх хэдэн төрлийн шийдэл санал болгож байгаа вэ?
-Канадын модон араг бүтээцтэй барилгын технологийг нэвтрүүлэх төслийг ЗТБХБЯ-ны захиал-гаар ШУТИС дээр хэрэгжүүлж байгаа. Баталсан норм дүрэм дээр үндэслэн, хоёр загварын байшин барьсан. Үүний нэг нь 45 метр квадрат 6х8-ийн хэмжээтэй, орон сууцны байраар бол хоёр өрөө байрны зохион байгуулалттай байшин. Нөгөө нь 45 метр квадрат байраа сунгаж, хоёр өрөө нэмээд дээр нь мансаарт хийсэн, хоёр давхар 112 метр.кв хоёр байшин байгаа.Тэгэхээр хүмүүс үүнийг ирж үзэж барилгын шийдлийг сонгож болно. Бидний хийдэг гол ажил бол сургалт. Амины байшин бариулах гэж байгаа юм уу, өөрсдөө барих гэж байгаа хүмүүст тэр талаарх мэдээлэл муу байдаг учраас хүссэн байшингаа барьж чаддаггүй. Манайх хувь хүнд төдийгүй модон араг бүтээцтэй технологиор амины орон сууцыг барьж байгаа компанийн ажилчдыг сургадаг. Учир нь, энэ бол шинэ технологи учраас заавал дадлагажих хэрэгтэй.
-Сургалт үнэгүй юу?
- Нэг өдрийн сургалт 10 мянган төгрөгийн төлбөртэй. Харин мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт бол төлбөргүй.Тэр нь хувийн компаниуд Нийгмийн халамж үйлчилгээний газартай гэрээ хийгээд, манайд сургалтаа явуулдаг.
-Танай амины орон сууц нь модон гэдгээрээ онцлог байх. Гэхдээ модон материал бусдаас илүү үнэтэй юү?
-Модон материал өнөөгийн зах зээл дээр метр куб нь 600 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа. Энэ бол тоосгон болоод паалкан барилгыг бодоход өртөг өндөртэй. Гэхдээ хүмүүс нийлээд хотхон маягаар барьж байгаа тохиолдолд үнэ нь харьцангуй буурч байна. Түүнээс биш захиалаад бариулахад тийм хямд биш. Гол нь агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгахад давуу талтай.
-Хамгийн хямд гэхэд хэдэн төгрөгөөр барих боломжтой вэ?
-3-4 ам бүлтэй айл гэхэд 45 квадрат метр талбайтай байшин зах зээлийн үнээр 22 сая төгрөгт гарч байгаа шүү дээ. Илүү загварлаг байна гэвэл илүү үнэтэй болно гэсэн үг.
-Хувь хүнд ямар давуу талтай вэ?
-Модон байшинд амьдарсан хүн тоосгон, бетонон байшинд амьдарсан хүнээс таван насаар илүү насалдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Мөн газар хөдлөлт, хүчтэй салхи шуурганд илүү тэсвэртэй. Модон байшингууд нурахгүй, хөвөөд яваад байгаа нь Японы цунамигаар ч харагдсан шүү дээ.Тиймээс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг манайд илүү тохиромжтой орон сууц. Богино хугацаанд барьдаг, цөөн тооны ажиллах хүч шаарддаг, хүнд даацын техник шаарддаггүй, өвлийн улиралд ч барих боломжтой зэрэг олон талын давуу талтай.
-Танай сургалтаас мэдээлэл аваад өөрсдөө хувийн сууцаа барьсан хүн хэр олон байдаг вэ?
-Манай сургалтад хамрагдаад, өөрсдөө байшингаа барьсан хоёрхон айл байдаг юм. Бусад нь дандаа мэргэжлийн компаниудаар бариулсан. Мөн компаниар бариулсан ч гэсэн өөрсдөө сургалтад суугаад, хяналтаа тавиад явдаг хүмүүс бий. Дээрх төслүүдээс гадна амины орон сууц барьж өгөх санал тавьдаг хувийн хэд хэдэн компани байдаг юм байна. Тэдний ажилчдыг голдуу дээр дурдсан Канадын модон арга бүтээцтэй барилгын технологийн төслөөс сургажээ.Тухайлбал, "АТА трейд", "Канад хаус", "Ноnка", "Шинэст" зэрэг компанийн 10 хүнийг мэргэ-шүүлсэн байна.Тиймээс ямар нэг төсөлд хамрагдахгүйгээр амины орон сууцтай болъё гэвэл дээрх компаниудад хандаж болох нь.
Үндэсний шуудан -Д.Пүрэвсүрэн
2016.08.18
2017.01.07
2017.01.08
2017.03.07