Шадар сайд М.Энхболд гамшгаас хамгаалах төрийн бодлого санаачиллаа.
Манай иргэдийн хувьд болзошгүй аюулт үзэгдлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадвар дутмаг, энэ талаар төрийн болон ТББ хоорондын ажлын уялдаа холбоо сул, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, гамшгийн голомтод эрэн хайх аврах, хор уршгийг арилгах тусгай техник тоног төхөөрөмжийн үзүүлэлт хоцрогдсон, тоо хэмжээ хүрэлцээгүй, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоо өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа зэрэг нь осол, аюулт үзэгдлийн үед хохирол багатай даван туулах чадамж суларсаныг харуулж байгаа хэрэг юм.
Энэхүү асуудлыг зохицуулж хэрэгжүүлэх газар нь Онцгой байдлын ерөнхий газар. Харин хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндсэн нөхцөл шалтгааныг сайжруулах хүрээнд төрийн бодлогыг чиглүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд хариуцдаг.
Асуудал эрхэлсэн сайдын хувьд өнгөрсөн намрын чуулганы үеэр “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан. Энэ тогтоолыг хаврын чуулганы эхний ээлжийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан 2011 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн баталлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар:
• Гамшгийн аюулыг бууруулах, улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах бодлогын баримт бичигтэй боллоо.
• Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийн чадавх бэхжих, нийгмийн хөгжил, дэвшлийг бататгаж, ядуурлыг бууруулах нэг хүчин зүйл болно.
• Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төвлөрөл, гамшгийн эмзэг байдал багасч, орон нутгийн хүлээх үүрэг, бие даасан байдал дээшилж, эсрдэл буурна
• Иргэд аюулгүй амьдрах арга, ухаанд суралцан, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, дадлагатай болж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа, нөхцөл сайжирна
• Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард түмний оролцоонд тулгуурлан хөгжиж, түншлэл хамтын ажиллагаа дээшилнэ гэж үзэж байна.
Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг батлагдсаны дараа хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарсан. Санхүүжилт, хөрөнгө босгох ажиллагаа тулгамдсан асуудлын нэг болоод байгаа ч хувийн хэвшлийнхнээс энэ хөтөлбөрийг дэмжсэн зарим төрлийн санхүүжилт авахаар төлөвлөж байна.
Ганцхан жишээ дурдахад: 2011 оны 2 дугаар сард бензин ачсан хоёр машин Хөвсгөл нууранд живсэн билээ. Ослын үеийн ажиллагааг аймгийн онцгой байдлын хэлтсийн ажилчид хийсэн. Уг хоёр машин нь нуурын гүнд 50 метрийн дор живсэн байжээ. Манай аврагчдын хувьд гүний ус руу орох тохиолдолд 5-10 метрийн дор ажиллах тусгай хувцастай байдаг. Түүнээс доош гүнд ажиллах хувцас хэрэглэл байдаггүйгээс цаг хугацаа алдах тохиолдол байнга гардаг байна. Яг ийм жишээ давтагдсан дээрх нөхцөлд хувийн хэвшлийнхэн байдлыг илүүтэй мэдэрч, тусламжийн гараа сунгаснаар 50 мертийн гүнд ажиллах зориулалтын иж бүрэн хувцас хоёрыг өгчээ. Цаашид ч хэрэгтэй тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр туслая гэсэн хувийн хэвшлийнхэн олон байгаа аж.
Үүнээс гадна болзошгүй гамшиг ослын үед үйл ажиллагааны бэлэн байдлын тал дээр техник хэрэгслийн хангамж орон нутагт 5-40 хувь л байгаа аж. Үүнийг нэмэгдүүлж 70 хувьд хүргэх зорилтыг дээрх хөтөлбөрөөр дэвшүүлсэн байна.
Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг боловсруулахдаа бүс нутаг болон дэлхий нийтэд болсон үйл явдлаас сургамж авч, манай улсад ийм нөхцөл тулгарсан тохиолдолд яах вэ гэсэн байдлаар хандсан аж.
Хөтөлбөрийг боловсруулж, парламентээр хэлэлцүүлж байх үед ч техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа хийгдсээр байсан. Жишээ нь: Өнгөрсөн 4-р сард Япон улсад болсон байгалийн гамшгийн үед атомын цахилгаан станцаас тодорхой хэмжээний цацраг идэвхит бодис алдагдаж, хүний эрүүл мэндэд ноцтой аюул тулгарч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Манай улсын хяналтын байгууллагынханд цацраг идэвхит бодис илрүүлэх тоног төхөөрөмж дутмаг байсныг авч хэлэлцээд яаралтай арга хэмжээ авсан. АНУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хил гааль дээр байрлах бүх хяналтын цэгийг цацраг идэвхит бодис илрүүлэх багаж тоног төхөөрөмжөөр хангажээ.
Мөн сансрын зураг ашиглаж гамшгийн цөмийг тогтоож байсан практикийг сэргээж, Мэдээлэл харилцаа холбоо технологийн газарт чиглэл өгч сансрын антенн авах асуудлыг хөөцөлдөж эхэлсэн байна.
Энэ мэтчилэнгээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн наад зах нь 547 тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа гарчээ.
Ямартаа ч Монгол улс анх удаа гамшгаас хамгаалах чадавхиа бэхжүүлэх үндэсний хөтөлбөртэй боллоо. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилсан “Гамшгаас хамгаалах төрийн бодлого”-ыг УИХ баталсны дараа хэрэгжүүлэх арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газар баталж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв болон олон улсын хандивлагч байгууллагын тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөр, ААНБ иргэдийн хандив тусламжаар шийдвэрлэхээр тооцож, ажилдаа хэдийнэ орлоо.