Жолооны үнэмлэхтэй иргэн бүр даатгалд хамрагдана гэлээ
2011.05.19

Жолооны үнэмлэхтэй иргэн бүр даатгалд хамрагдана гэлээ

УИХ-ын өдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
chuulgan_01Төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар  танилцуулав.

 

Ихэнхи улс оронд жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог байна. Монголын даатгалын зах зээл дээр 2011 оны 2 дугаар сарын байдлаар ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 15 буюу бүх даатгалын компани жолоочийн болон автотээврийн хэрэгслийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.

 

Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчид олгож болох нөхөн төлбөрийн дээд дэмжээ нийтдээ 5 сая төгрөг байхаар даатгалын үнэлгээний доод хэмжээг 5 сая төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Даатгалын үнэлгээний энэ хэмжээний хамгийн бага хэмжээ бөгөөд даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхийг хүссэн тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар хийлгэх боломжтой юм байна. Манай орны хувьд жолоочоо дагасан даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, автотээврийн хэрэгсэлгүй ч жолооч өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байх юм.  Жолоочийн даатгалд тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран уг автотээврийн хэрэгслийг жолоодож байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн албан журмаар даатгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, албан журмын даатгалыг төлөвшүүлэх зорилготой аж.

 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ц.Баярсайхан, Д.Дамба-Очир нар  манай улсад жолоочоо дагасан бус тээврийн хэрэгслээ дагасан даатгалын төрөлтэй байх нь зүйтэй. Осол гаргасан тохиолдолд төлбөрийг жолооч бус машинаа даатгуулсан компани  барагдуулдаг байх нь бодит байдалд  нийцнэ. Жишээ нь хөдөө орон нутагт нэг айл нэг мотоциклтэй, түүнийгээ гэр бүлийн гишүүд ээлжилж унадаг. Машин ч ялгаагүй. Нэг машиныг гэр бүлийн гишүүд ээлжлэн унаж амьдрал ахуйгаа зохицуулж байна. Тэгэхээр жолооны үнэмлэхтэй хүн болгон даатгалд хамрагдана гэдэг амьдралд хэр нийцэхийг сайтар судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

 

Манайхаас бусад орон хариуцлагын даатгалтай болсон. Тээврийн хэрэгслээ дагасан, эсхүл жолоочоо дагасан хоёр даатгалын төрөлтэй байдаг. Машины тоо жолоочоос олон тохиолдолд тээврийн хэрэгслээ дагасан төрлийг дагадаг. Жолоочийн үнэмлэхтэй хүн болгон даатгалд хамрагдана. Нэг айлд нэг машиныг ээлжлэн унахад аль нь ч осол аваар гаргах боломжтой. Ийм учраас жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгалд хамрагдана. Жолоочийн даатгалын тухай хууль нь жолооч, зорчигчийн аль алины эрхийг хамгаалж байгаа. Харин жолооч даатгал төлсөн төлбөрийн хуудсаа заавал биедээ авч явах ёстой гэсэн тайлбарыг төсөл санаачлагчид өгсөн.

 

Гишүүд аваар осол гарахад зөвхөн жолоочид бурууг тохохоос гадна явган зорчигчдын буруутай үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох талаар анхаарах, хуулийн нэр томьёог жолоочийн хариуцлагын даатгалын хууль гэвэл илүү ойлгомжтой болно гэсэн санал гаргаж  байлаа. Ингээд санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 71,8 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.