Х.Баттулга: “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын өргөн цар хүрээтэй ажлуудыг эхлэх гарааны цаг үед тохиож байна
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн барилгын салбарын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга зам ” Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын илтгэл
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая !
Барилгын салбарын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөн нь Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын өргөн цар хүрээтэй ажлуудыг эхлэх гарааны цаг үед тохиож байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар олон чухал зорилтуудыг дэвшүүлсний дотроос барилгын салбартай холбоотой зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар дараах чиглэлүүдээр хэлэлцүүлэхээр илтгэлээ бэлтгэлээ.
Нэг. Барилгын салбарын өнөөгийн байдал , боловсон хүчний талаар
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хотууд”, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Орон сууц” хөтөлбөрүүд, “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” төслүүд нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олны гардан хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрүүд билээ. Дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалт , банкны зээл, санхүүгийн эх үүсвэр багассан нь барилгын салбарт муугаар нөлөөлсөн ч сүүлийн жилүүдэд барилгын байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж, гүйцэтгэсэн барилга угсралт, зураг төслийн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсч байна.
Өнгөрсөн 2010 онд 350,8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь 2009 оны гүйцэтгэлээс даруй 71,4 тэрбум төгрөгөөр буюу 25,6 хувиар өссөн. Нийт гүйцэтгэсэн ажлын 26,6 хувийг орон сууцны барилгад, 18,3 хувийг үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн барилгад, 33,3 хувийг инженерийн байгууламжийн ажилд, 11,1 хувийг их засварын ажилд гүйцэтгэжээ. Дотоодын барилгын байгууллагууд 326,5 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна.