Монгол улс бүх  малаа дугаартай болгоно
2011.05.23

Монгол улс бүх малаа дугаартай болгоно

Манай  улсад  бүх  малаа бүртгэж, ялган тэмдэглэх ажил эхэлж байна. Бүртгэлийн нэгдсэн системтэй болсноор тухайн мал нь аль  аймгийн , аль сумаас гаралтай нь тодорхой болох юм. Малын эзэн Улаанбаатарт байсан ч өмчийн эзний хаяг, малыг нь маллаж байгаа малчны код бүгд бүртгэгдэх ажээ.

Бүртгэлийн нэгдсэн программыг 9-10 дүгээр сар гэхэд бүх суманд суурилуулж дуусна. Бүртгэл 3 түвшинд хийгдэх ажээ. Сумын мал эмнэлэг үржлийн тасаг анхдагч шатанд бүртгэл хийж, бүх сумдын бүртгэлийг аймгийн ХХААЖДҮ-ийн газар зангидаад төв сервер буюу Малын бүртгэлийн үндэсний санд ирүүлнэ. Малыг ялган тэмдэглэх олон арга хэрэгсэл байдаг. Харин манай улс малаа бүртгэлжүүлэхдээ  адуун дээр цахим дохиололтой чийпийг тариураар суулгана. Харин үхэр хонь ямааг ээмэгжүүлэх ажээ. Энэ жил taban-hoshuu-mal6.5 сая малыг ээмэгжүүлж, бүртгэлд хамруулна. Өмнө нь 2005 оноос малын ялган тэмдэглэх ажлыг гадаадын төслөөр хийсэн.Үүнд 15 мянган орчим мал бүртгэсэн байна. "Монгол мал" хөтөлбөрт тусгаснаар бол 2012 он гэхэд нийт малын 15-20 хувийг, 2015 он гэхэд 40 хувийг, 2021 он гэхэд 80 хувийг бүртгэлжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Малыг бүртгэлжүүлснээр  түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргах нөхцөл бүрдэнэ.

Мөн мах сүүний үйлдвэрүүдэд энэ бүртгэлд хамрагдсан малын бүтээгдэхүүнийг авах ёстой гэсэн шаардлагыг тавих ажээ. Ингэснээр малын хулгайн гэмт хэрэг буурч алдуул малыг олоход амархан болох  юм. Өнөө цагт хүнсний эрүүл ахуйд маш өндөр шаардлага тавьдаг болсон. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд малын гарал үүслийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай.

Малыг ялган тэмдэглэх дугаар нийт 12 оронтой код байна. Мал бүхэн хувийн дугаартай. Тэр хувийн дугаар давтагдахгүй.  Засгийн газрын тогтоолоор бүх суманд мал эмнэлэг үржлийн тасаг байгуулж, 1000 гаруй ажлын байр бий болгоод байна. Энэ байгууллагын гол үүргийн нэг нь анхан шатны малын бүртгэлийг хийх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.