Шинэ монгол хүний шинэ амьдралын төлөө нэгджээ
Монголын шинэ тосгон холбооны V сургалт зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Шинэ тосгон хөдөлгөөн-Иргэдийн оролцоо” сэдвээр боллоо. Улаанбаатар, 13 аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон эл зөвлөгөөний хүндэт зочид нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон түүний урилгаар ирсэн БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч И Жэ Чан тэргүүтэй төлөөлөгчид байв. Солонгосоос ирсэн төлөөлөгчдийн багт Шинэ тосгон хөдөлгөөний удирдагч Ха Са Юн багтсан. Тэрбээр хүн хичээнгүйлэн хөдөлмөрлөж чадвал ядуурлаас ангижирч чадахыг өөрийн биеэр үлгэрлэсэн нэгэн. Тиймээс түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн баримтат киног зөвлөгөөний эхэнд үзүүлсэн нь хүмүүсийн сэтгэлд нэгийг бодуулж, хоёрыг сануулсан юм. Энэ үеэр мөн Шинэ тосгон хөдөлгөөний гишүүдийн тарьсан ногоо, цэцэг, мод бут, суулгацын үзэсгэлэн худалдаа боллоо.
“Шинэ тосгон хөдөлгөөн-Иргэдийн оролцоо” зөвлөгөөний эхэнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ, Монголдоо бичил суурин болж байгаа хот айл, саахалт айл, бага, сумын төв дотор сайн дурын холбоо, нэгж байгуулж, дангаараа хүч үл хүрэх ажлыг хамтдаа хийж, хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэрхэн хэмнэх вэ гэдгийг бодох ёстой. Ингэхдээ Шинэ тосгон хөдөлгөөний “хийвэл болно” гэсэн сэтгэлийн хат, “хийж чадна” гэсэн итгэл үнэмшил, “хийх ёстой” гэсэн үүргээ ухамсарлах сэтгэлээр нэгдэж чадсан уриа зарчмаар хэрэгжүүлбэл баг, сумын иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарч, нийтрээ сайхан амьдрах амжилтад хүрч болно гэдгийг бид мэдэрч байна. Нэг багийн, нэг голын, нэг нутгийн айл өрхүүд саахалтын холбоонд нэгдэж, худаг ус, гол горхи, бэлчээрээ хамгаалан ашиглахаас эхлээд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтдаа хөгжүүлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, асуудлаа өөрсдөө шийдвэрлэн, нутаг усандаа сайхан амьдрах бололцоо бий. Шинэ хот айл, шинэ баг, шинэ сумыг шинэ сэтгэлгээтэй шинэ монгол хүн хөгжүүлнэ” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн Монголын баг, сумдын үндэсний холбоо байгуулж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Энэхүү олон нийтийн байгууллагын үндсэн зорилго нь хамтдаа нэгдэж, хөдөлмөрөө хоршиж сайн сайхан амьдралыг цогцлоохын үлгэр дууриал болсон Шинэ тосгон хөдөлгөөнтэй адил байх аж. Ингэхдээ хэзээнээс нааш нэгнээ гэсэн халуун сэтгэлээр бие биедээ дэм болж ирсэн монголчуудын хамтын хүчээр ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дээр тулгуурлаж, багаа, сумаа, хороо, дүүргээ цаашлаад улс орноо хөгжүүлэх их зорилгод нэгджээ.
Зөвлөгөөний үеэр мөн БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний ерөнхийлөгч И Жэ Чан УИХ-ын дэд дарга Г.Батхүүг Шинэ тосгон хөдөлгөөний Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламж гардууллаа. Батламжид “Шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх ажлыг дэмжиж, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан, төр, төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулахад хувь нэмрээ оруулж байгаа тул Таныг Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөв” гэжээ. Шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлснээр ядуурлаас салж, хөгжлийн оргилд хүрч чадсан БНСУ-ын туршлагаас авах зүйл бидэнд их байгаа. Гагцхүү хэн нэгнийг хуулбарлан дууриах биш Монголынхоо нөхцөлд тохируулж, тэргүүн туршлагыг нь нутагшуулах учиртай. Сэлэнгэ аймгийн Мандал сум 25 орчим мянган хүн амтай, жилдээ иргэдийн сайн дурын хандиваар хоёр тэрбум гаруй төгрөг хуримтлуулж, орчны тохижилт, бүтээн байгуулалтад зарцуулдаг аж. Төрийн байгууллагын ажиллагсад нь сар бүр гурван өдрийн цалингаа хандивладаг юм байна. Бүгдээрээ сэтгэл нийлж хөдөлмөрлөвөл ямар амжилтад хүрч болохын үлгэр жишээг тэндээс харж болно.
Г.Батхүү:Монголчуудад сайхан амьдрах давуу тал, боломж их бий
Зөвлөгөөний үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та Монголын баг, сумдын үндэсний холбоо байгуулснаа зарлалаа. Энэ байгууллага Шинэ тосгон хөдөлгөөний ялгаа, давуу тал юу байх вэ?
-БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний хамгийн гол ололт нь сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгосон явдал гэж үздэг. Өнөөдөр зарим хүн эхлээд мөнгөтэй болчихоод дараа нь амьдралаа сайжруулж, аливааг хийж бүтээнэ гэсэн бодолтой байх нь бий. Нөгөө талаар хэн нэг хүн ирж миний амьдралыг сайжруулж өгнө гэсэн хүлээлт байдаг. Гэтэл монголчуудын хувьд давуу тал олон бий. Жишээ нь, Солонгост газрын асуудал хүндрэлтэй бол Монголд хуулиараа хүн бүр газар өмчлөх, эзэмших эрх нээлттэй. Тэгэхээр монгол хүн өөрсдөө сайн сайхан амьдрах боломжоо бүрдүүлэх ёстой. Зөвхөн ганцаараа зүтгээд жижигхэн зүйл хийх биш олуулаа нэгдээд том бүтээн байгуулалт өрнүүлэх нь чухал. Монголын баг, сумдын үндэсний холбооны эн тэргүүний зорилго нь дээрээс загвардаж, алсаас удирдах биш, анхан шатнаасаа санаачилж, ард түмэн өөрсдөө өөрсдийгөө удирдах Үндсэн хуулийн заалтыг бодит утгаар нь сум, багт хэрэгжүүлэх эдийн засгийн болон эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд нөлөөлж ажиллах явдал юм. Түүнчлэн хувь хүн, өрх айл, баг, сумаараа сэтгэлгээгээ өөрчилж, нэгдэж нийлж, хөдөлмөрөө хоршиж, хамтдаа сайхан амьдралыг цогцлооход чиглэж ажиллана. Шинэ тосгон хөдөлгөөний сайн тал, давуу чанарыг Монгол нутагт, монгол хүний сэтгэлгээнд нутагшуулахад анхаарна. Хамтач, хөдөлмөрч зан чанараас суралцах зүйл ч бий. Ер нь хүн бүр, айл болгон сайхан амьдралтай байвал улс орон хөгжинө. Зүүнхараад болж байгаа энэ зөвлөгөөнд Монголын өнцөг булан бүрээс манлайлагчид иржээ. Аливаа үйл ажиллагаа заавал манлайлагчтай байх ёстой. Манлайлагч бол ард түмнийг үлгэрлэдэг, зааж сургадаг, уриалан дууддаг хүмүүс байх ёстой. Тийм хүмүүс цугларчээ. Тэгэхээр энэ арга хэмжээ зөвхөн Зүүнхараад цугласан 500 гаруй хүнээр зогсохгүй Монгол орны өнцөг булан бүрт хүрч, хүмүүсийн сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт гаргаж, сайн сайхан амьдрахад чиглэсэн том дэвшил болох байх.
-Олны хүч оломгүй далай гэдэг. Хамтдаа юунд ч хүрч болохыг харуулсан олон бүтээн байгуулалтыг бид мэднэ. Тэгвэл хамгийн ойр байгаа ийм жишээг Та хэлнэ үү?
-Олуулаа нэгдэж, хамтарч хөдөлмөрлөвөл ямар агуу боломж бий болгох вэ гэдгийг бид бодож байгаа. Саяхан Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд нийлж ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр, хамгийн олон хүнийг нэгтгэж чадсан хоршоо, нөхөрлөлд газар тариалангийн иж бүрэн техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Хамтын хөдөлмөр ямар хүчтэйг эхнээсээ харуулж байгаа. Саяхан Өвөрхангайд ажиллаад ирсэн манай хүмүүсийн ярьснаар орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зардал эхний ээлжинд даруй 50 хувиар багассан байна. Мөн тариалалтад зарцуулах хугацаа бараг 10-20 дахин багаслаа гэж байна. Энэ бүхэн ард түмний дунд хамтрах нэгдэх, хорших, өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөх сэтэлгээний өөрчлөлтүүдийг эхнээс нь хийж, орон нутагт жишиг болсон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дорвитой ажил боллоо гэсэн дүгнэлттэй байна.