Тариаланчид урам зориг дүүрэн байна
2011.05.24

Тариаланчид урам зориг дүүрэн байна

Манай улсын газар тариалангийн бүс нутагт багтах Өвөрхангай аймагт УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарын гишүүдийн санаачлагаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд төсвөөс 1.2 тэрбум гаруй төгрөг зарцуулж, сум тус бүрт 32-35 морины хүчин чадалтай, ОХУ-д үйлдвэрлэсэн трактор хүлээлгэж өгсөн билээ. Мөн анжис, нарийн ногоо, төмсний үрлүүр, тармуур, хаtariam_talbaiдуур, хөрс сийрүүлэгч зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд 641 өрхийн 1920 хүн нэгдэн хоршоо, нөхөрлөл байгуулж, 4119.5 га талбайд төмс, хүнсний ногоо, будаа тарьж, газар тариалангийн бизнес эрхлэхийн зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж бүрджээ. Үүний зэрэгцээ тухайн сумын иргэд, хувиараа тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хоршооны трактор, тоног төхөөрөмжийг ашиглаж, зах зээлийн жишгээр үйлчилгээ авах бололцоо нээгдсэн байна.

Хаврын тариалалт эхэлсэн энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Арвайхээр сумын нөхөрлөл, хоршоо трактор, төхөөрөмжөө хэрхэн ашиглаж байгааг сурвалжиллаа. Тариаланчид сэтгэл хангалуун, урам зориг дүүрэн байна. Өмнө нь газар хагалах, үр суулгах гээд бүх ажлаа гараар хийдэг байсан тэдний хувьд трактор, тоног төхөөрөмжтэй болсноор цаг хугацаа, мөнгө хэмнэж, ажлын ачаалал нь хэд дахин багасчээ. Хамгийн чухал нь бүгдээрээ нийлж хөдөлмөрөө хорших нь ямар ашигтай, үр өгөөжтэйг мэдэрсэн байна. Тиймдээ ч нөхөрлөл, хоршоонд нэгдэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдсэнийг очсон газар бүрт хэлж байв.

 

Хархорин суманд газар тариалан эрхэлдэг аж ахуй, иргэн олон. Тэд “Б.Э.Х” хоршооны трактор, тоног төхөөрөмжөөр газраа хагалуулж, тариалалт хийлгэхээр захиалга өгч, шахуу хуваарьтай ажиллаж байгаа аж. Хоршооны зарим гишүүнтэй уулзаж, ажлын явц, техникийн ашиглалтын талаар сонирхлоо.

Б.Галтбаяр:

-Манайх хоёр га газартай. Төмс, нарийн ногоо тарьдаг. Газраа хагалсан, одоо тариалалт хийх гээд трактор ашиглах хуваариа хүлээж байна. Энэ жил 0.5 га-д чацаргана, үлдсэн талбайд төмс, хүнсний ногоо тарина. Хашаандаа бас жимсний мод тарьдаг. Ноднин 680-аад кг төмс тарьж гурван тонн гаруй ургац хурааж, орлогоороо ачааны автомашин худалдаж авсан. Газрын үр шим их. Үүнийг өөрийн биеэр мэдэрсэн хүний нэг учраас хоршоо маань шинэ трактор, газар тариалангийн иж бүрэн төхөөрөмжтэй болсонд баяртай байгаа. Хоршооны малчин гишүүдийн хувьд трактор, төхөөрөмжөө ашиглаад хадлан бэлтгэх боломжтой. Ер нь ажлыг маш их хөнгөвчилж байна. Өмнө нь хүнээс трактор гуйж, их мөнгө өгч газраа хагалуулдаг байсан. Харин одоо хуваарь гаргаад л тариалалтаа хийж байна.

С.Жамъянсүрэн/ Газар тариалангийн салааны ахлагч/:

- Манай хоршоо 23 гишүүнтэй. Тэднээс гадна хувиараа тариалалт хийдэг иргэдэд трактор, тоног төхөөрөмжөөрөө үйлчилж байна. Тариаланчид тогтмол орлогогүй. Иймээс хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа. Хоршооны таван гишүүний газрыг хагалж, үр тарьсан. Трактортой болсноор тариалалтаа цаг хугацаанд нь хийж байна. Хүний техник гуйхад хэцүү, цагт хавчигддаг. Миний хувьд найман га газарт тариалалт хийлээ. Буриад улаан сортын төмс, бүх төрлийн нарийн ногоо тарьдаг. Мөн Витара, Импала, Астила, Санта сортын төмс, Завханы улаан сармис, Тагар, Беларуски сортын сонгино тарьдаг. Завханы улаан сармисын үр олдохгүй хэцүү байна. Энэ жил хүнсний эрдэнэ шиш, вандуй тарьж үзэх гэж байгаа. Түүнчлэн 40 га-д улаан буудай тарина. Ер нь ойрын үед аймгийн хэмжээнд иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй.

Р.Ганболд:

-“Б.Э.Х” хоршоо нь “Банкны эхлэл Хархорин” гэсэн утгатай. Анх 2002 онд 10 хүн нэг сая төгрөг нийлүүлж байгуулсан. Харин өнөөдөр актив нь 88 сая төгрөгт хүрсэн, хадгаламж зээл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо болж өргөжлөө. Хоршоонд 27 малчин өрх бий. Намар 50 тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн. Газар тариалан эрхэлдэг 23 хүн байгаа. Тэдний хувьд трактор, тоног төхөөрөмжөө ашиглаж газраа хагалж, тариалалтаа хийж байна. Гэхдээ тракторын хүрэлцээ тааруу. Уг нь 2-3 ийм трактортой бол хангалттай юм. Хувь иргэдэд үйлчлэхдээ шатахууныг нь хийгээд, жолоочийн цалин, сэлбэг хэрэгслийг тооцоход 45-50 мянган төгрөг болж байна. Өмнө нь шатахуун хийгээд нэмж 100 мянган төгрөг төлдөг байсантай харьцуулахад зардал хоёр дахин багасч байгаа. Энэ бол тариаланчдад маш том дэмжлэг. Эдийн засгийн төдийгүй цаг хугацааны үр өгөөж их. Тиймээс тариаланч бидний ажлыг хөнгөвчилж, амьдралыг тэтгэж өгсөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарт баярлаж байна.

Бидний очсон хоёр дахь сум Хужирт. “Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төслийн шалгуурыг хангаж трактор, тоног төхөөрөмж авсан “Шунхлайн эгшиглэн” хоршоо 80-аад өрхийн 120 гаруй гишүүнтэй юм байна. Зуны эхэн сарын шинийн 15-нд тариалалтаа эхэлсэн хэмээн танилцуулсан хоршооны гишүүд “цаг агаарын байдлаас болж хугацаа алдсан” гэж байв. Юутай ч хоршооны ахлагч Л.Зоригтын танилцуулснаар энэ жил дөрвөн га-д төмс, хүнсний ногоо тарьж, наймдугаар сарын 1 гэхэд тус бүр нь 2.5 тоннын багтаамжтай 10 зоорьтой болох, арваннэгдүгээр сард үнээний фермийн сургалтад зургаан хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн хоршоондоо 10 га газар авахаар болсон гэнэ. Тус хоршооны зарим гишүүд ийн ярилаа.

Ц.Буянцогт:

-Газар тариалан, мал аж ахуй, фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хоршоогоо байгуулсан. Гэтэл наад захын техник дутагдалтай байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүд тусалж, трактор, тоног төхөөрөмж өгсөн. Ажил жигдэрч байгаа. Хоршооны гишүүд дөрвөн га-д тариалалт хийнэ. Мөн хашаандаа төмс, хүнсний ногоо тарьсан айлуудын газрыг хагалж өгч байна.

С.Дүгэржав:

-Би зоотехникч мэргэжилтэй. Хувиараа багахан талбайд ногоо тарьдаг байсан. Харин энэ жил залуучуудтайгаа нийлж шинэ ажил хийхээр шийдэж хоршоонд нэгдсэн. Газар тариалангийн иж бүрэн техник өгсөнд жирийн иргэд бид их баяртай байгаа. Гагцхүү зөв ашиглаж үр шимийг нь хүртэх нь чухал. Цаашид эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй эрхэлж, сумынхаа сургууль, цэцэрлэг, иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах ёстой гэж бодож байгаа. Ажилгүй, амьжиргааны төвшин тааруу иргэдийг хоршоондоо нэгтгэж амьдрал ахуйгаа өөд татахад нь туслах учиртай. Үүнд анхаарч ажиллана даа.

Өвөрхангай аймгийн хангайн сумдын нэг нь Бат-Өлзий. Уулархаг, хүйтэн цаг агаартай тус суманд очиход цас бударч, шуурч байлаа. Гэсэн хэдий ч сумын төвийн ойролцоохь талбайд хүмүүс бужигнаж, газар хагалж байсан юм. Анх “Тооройт-Уул” ХХК-ийн дэргэд бүл болж нэгдсэн 100 гаруй хүн саяхнаас “өрх тусгаарлаж”, “Саруул тэнгэр” хоршоо байгуулжээ. Хоршоо тариалалтын ажлыг зохицуулагч болон тракторын жолоочоо цалинжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байгаа аж. Сумын хэмжээнд газар тариалангийн ажлыг зохицуулах үүрэг хүлээсэн Л.Хоролсүрэнтэй уулзлаа. Тэрбээр, “Эхлээд иргэдийн газрыг хагалж өгч байгаа. Сумын төвд нэг га газарт 10 айл ногоо тарих жишээтэй. Өөрсдийн хэмжээгээр нарийн ногоо, төмс тарьж, амьдралдаа нэмэр болгодог. Манай хоршооны хувьд хамтын хүчээр нэгдсэнээр ямар амжилтад хүрч болохыг харуулж чадаж байна. Ганцаараа ногоо тарьдаг байсан бол одоо олуулаа нийлж хоршлоо. Нэг айл тарилаа гэхэд зөвхөн өөрийн хэрэгцээг хангана. Харин хөдөлмөрөө хоршвол сумын хэрэгцээг хангах боломжтой. Хоршооллын үр өгөөж энэ” гэлээ.

Д.Ганболд:

-Би 1983 онд Баянчандманийн ТМС-ийг тракторчны мэргэжлээр төгссөн. Сая хоёр сар шахам сургалтад сууж, шинэ үеийн трактор эзэмших мэдлэгтэй боллоо. УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийн хүрээнд бидэнд өгсөн шинэ техник сайхан байна. Газар тариалангийн ажил эхэлж, жигдэрсэн. Иргэдийн захиалгаар газрыг нь хагалж, тариалалт хийж өгч байна. Газрыг 15 хүртэл см гүн хагалж байгаа. Тэгэхээр өгсөн техник чинь өлзийтэй байг, ажил үүргээ сайн гүйцэтгэнэ, итгэл найдварыг чинь алдахгүй гэж хэлье.

Ц.Ганчимэг:

-“Саруул тэнгэр” хоршоог 130-аад хүн нэгдэж байгуулсан. Өмнө нь жижиг бүл болж эсвэл ганц нэгээрээ арга эвээ олохгүй байсан хүмүүс нэгдлээ. Хөдөлмөрөө хоршихын тусыг мэдэхгүй, ганцаараа зүтгээд амжилтад хүрэхгүй байгаа бизнесмэнүүд ч хоршоонд орж ирсэн. Хоршоо маань газар тариалангийн иж бүрэн трактор, төхөөрөмжтэй болсон нь бидний амьдралд их нөлөөтэй.  Сумын ойролцоо жижигхэн ч газартай хүн байна, томоохон газартай ч хүн бий. Үнэ хөлсөө тохирч, зөвхөн шатахуунаа хийгээд газраа хагалуулж, тариалалт хийх боломж олголоо. Энэ мэтээр бие биедээ дэм өгч, хамтдаа хөдөлмөрлөж, техник төхөөрөмжөө ашиглаж байна.

Д.Долгор:

-Газар тариалангийн чиглэлээр 22 жил ажиллаж байна. Сая сумынхаа төвд газар авч, тариалалт хийхийн зэрэгцээ иргэдэд сургалт явуулж эхэллээ. Одоогоор сургалтад 180 гаруй хүнийг хамруулж, ногоо тарих анхны мэдэгдэхүүнтэй болгоод байна. Бат-Өлзий сум маань тэргүүний ногоочидтой болоосой гэж бодож хүсч байгаа. Нас 80 хүрлээ. Гэхдээ ажлаа орхихгүй, надаар ногоо тарих арга заалгасан ач хүү минь сумынхаа аварга ногоочноор шалгарсан. Сайхан сэтгэлтэй түшээдийн буянд иж бүрэн трактор, төхөөрөмжтэй боллоо. Сэтгэгдэл өндөр байна.

Нэгэн үе алт хайгчдын хөлд дарагдсан Уянга сумын иргэд одоо газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсч байгаа нь мэдрэгдсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон трактор, газар тариалангийн тоног төхөөрөмж Уянга сумынхны хувьд энэ чиглэлийн анхны техник. Тиймээс “Манай суманд газар тариалан хөгжих үндсийг энэ техник тавина гэдэгт итгэж байна” гэсэн үг уулзсан хүн бүрийн амнаас унаж байлаа.

Ш.Цэрэнбавуу/”Буурал хайрхан” малчны нөхөрлөлийн ахлагч/:

-Манай нөхөрлөл хоёр га газартай, 27 өрхийн 68 гишүүнтэй. Энэ жилдээ нэг га-д нь тариалалт хийж үзэх гэж байгаа. Мөн дөрвөн газарт гурван га талбай авч, хадлан хадахаар төлөвлөсөн. Аймагт сургалтад сууж ирсэнийхээ дараа сумандаа 3-4 айлын газар хагалж өглөө. Бас хэд хэдэн бүл, хоршоонд газар хагалж өгсөн. Газрыг 18-22 см гүн хагалж байна. Манай суманд газраа хагалуулна гэсэн хүн олон байгаа. Иж бүрэн техниктэй болсноор Уянгад газар тариалан хөгжих боломж бүрдлээ. Гараар газар хагалж, тариална гэвэл бүтэхгүй. Гэтэл сая хоёрхон хоногт л амжууллаа. Үйлчилгээний үнийн хувьд нэг га газарт 50 мянга, хашаанд бол 10-20 мянган төгрөгийн зардал гарах юм байна. Хэд хоногийн дараа нөхөрлөлийн хурлаа хийнэ.

М.Лувсандагва:

-Нэг га газраа 42 мянган төгрөгөөр хагалууллаа. Эндээ төмс, нарийн ногоо тарина. Уянга суманд хүмүүс нөхөрлөл байгуулж, шинэ, иж бүрэн техниктэй болж, газар тариалан эрхлэх боломж бүрдсэн нь сайхан санагдаж байна. Манайх “Жаргалант” бүлгийн гишүүн. Мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Одоогоор 200-300 мод тарьсан. Хамтаараа хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ гэдгийг зах зухаас нь ойлгож мэдэрсэн хүмүүс гэж хэлж болно.

П.Алтанцэцэг:

- Манайх талбайнхаа 50 хувьд байцаанаас бусад нарийн ногоо тарина. Мөн улиас, хайлаас тарихаар төлөвлөж байгаа.  Өнгөрсөн онд 1.2 га-д гурван тонн төмс тарьж зургаан тонныг хурааж авсан. Газраа хагалахдаа, тариалахдаа, ургацаа хураахдаа бүх ажлыг гараар хийдэг байлаа. Хавар тариалалт хийхдээ сар шахам болсон. Харин энэ жил манай сумын нөхөрлөл трактортой болж, иргэдэд давхар үйлчилж байгаа нь сайхан байна. Хагалаад шууд үр суулгаад явах юм байна. Тариалалтын ажил 2-3 хоногт багтана гэсэн. Бас шатахууныг нь хийгээд л хагалуулах юм билээ. Хөдөлмөрийг үнэхээр хөнгөвчилж, цаг, мөнгө хэмнэх нь. УИХ-ын дэд дарга Г.Батхүү ирж хөдөлмөрчидтэй уулзахдаа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор трактор өгөх гэж байгаагаа хэлсэн. Удаагүй трактор ирсэн л дээ. Бидний тариа ногоо тарих ажилд хамгийн чухал хэрэгтэй трактор, төхөөрөмж өгсөнл сумынхаа иргэдийн өмнөөс талархаж байна.

Аймгийн төвөөс 30 гаруй км-т орших Тарагт сум цөөхөн хүн амтай. Төв суурин бараадахаар шилжин суурьшигч олон гэсэн. Гэхдээ ойрын ирээдүйд энэ суманд газар тариалан хөгжиж, эрчимжсэн мал аж ахуй бий болж, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хүрээгээ тэлэхээр энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлгүй юм. Тарагтын “Эх туян” хоршоо 18 өрхийн 50 гаруй гишүүнтэй. Хоршоонд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн хүний тоо сүүлийн хэд хоногт эрс нэмэгджээ.

Ш.Чимэддорж/”Эх туян” хоршооны ахлагч/

-Хоршоондоо 10 га газар авсан. Нэг га-д нь төмс, хүнсний ногоо, бусад талбайд малын тэжээлийн ургамал тарина. Одоогоор 0.5 га газрыг хагалаад байна. Эртнээс хэрэглэж сурсан Оросын техник болохоор газар хагалахад хүндрэл бэрхшээл учраагүй. Атар газрыг дээд тал нь 25 см гүн хагалж байна. Манай сумын иргэд газраа хагалуулах хүсэлт тавьсан. Нөхөрлөл хоршоонд нэгдэж, тоног төхөөрөмжтэй болсон иргэдийн урам зориг нэмэгдсэн. Хөдөлмөрлөж байж л хүн сайхан амьдарна. Техникийнхээ хүчийг ашиглаж, өөрсдөө ч чадлынхаа хэрээр зүтгэнэ. Олуулаа зүтгэвэл болохгүй зүйл үгүй. Олны хүч оломгүй далай гэдэг дээ.

Арвайхээр сумын Дайрганы гол дагуух тариалан эрхлэгчид дөрвөн га газар хагалж, хоёр га-д нь төмс тарьжээ. “Баян Дайрга” бүлийг 108 хүн нэгдэж байгуулсан бөгөөд газар тариалангийн иж бүрэн техник, төхөөрөмжтэй болсон тариаланчид цаг хугацаанд нь амжиж газраа хагалсан байна. Гэвч захиалсан үр нь ирээгүй тул 7-8 га-д тариалалт хийж чадаагүй хүлээж байгаа аж. “Баян Дайрга” хоршооны гишүүн С.Наранчимэгийн ярьснаар 11 хүлэмж, 20 тонн Импала үр захиалсан байна. Гэхдээ 1-2 хүлэмжийг зургадугаар сарын дундуур нийлүүлнэ, харин төмсний үр улсын хэмжээнд дууссан гэсэн хариу саяхан иржээ. Дээр нь хоршооны гишүүдийн хүний хөгжлийн мөнгө дансанд орж ирэхгүй, зээл авах гэхээр албан тоот ирээгүй гээд өгдөггүй. “Хүлэмж ч үгүй, үр байхгүй, мөнгө орж ирэхгүй, зээл өгөхгүй. Үүнээс болж бүх ажил хойшилж байна. Шийдвэрлэх боломж байвал яаравчлах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн юм.

С.Батжаргал/”Баян Дайрга” бүлийн ахлагч/:

-“Баян Дайрга” бүлийг 108 хүн нэгдэж байгуулсан, сая трактор, иж бүрэн төхөөрөмжтэй боллоо. Их сайхан байна. Бүлээрээ бүгдээрээ баярлаж байна. Нийт 18 га газартай. Малын ногоон тэжээл тарих зорилгоор 15 га газар шинээр авсан юм. Гэхдээ дансанд мөнгө орж ирээгүй, зээл авах гэтэл албан тоотгүй гээд өгөхгүй байгаа. Одоо 7-8 га газарт тарих 15 тонн үр шаардлагатай. Юутай ч аймгийн төвд 10 гаруй төрлийн жимсний мод тарьдаг хүлэмждээ үрсэлгээ хийсэн. Захиалсан хүлэмж зургадугаар сарын дунд үе хүртэл ирэхгүй гэсэн. Наана нь өөрсдөө хүлэмж хийдэг юм уу гэж бодож байгаа. Өмнөх хур сайтай жилүүдэд га-гаас 24 шахам цн ургац хураадаг байлаа. Энэ жил арвин ургац хураах итгэл бий. Сайхан техниктэй боллоо, гагцхүү тариалалтаа хугацаанд нь хийх хэрэгтэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.