“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс нар 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сангийн яаманд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засгийн хурдацтай, тогтвортой хөгжлийг хангах үүднээс уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайг дэмжсэн дэд бүтцийн томоохон төслүүдийг хөгжүүлэх нэн тэргүүний шаардлага байгаа билээ. Эдгээр төслүүдийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд Монголын Засгийн газар санхүүгийн бүхий л эх үүсвэр болон хувийн салбарын хөрөнгө оруулалтыг ашиглах зорилготой байна. Санхүүжилтийн хэлбэрээс үл хамааран төслийн бэлтгэл ажил сайн хангагдсан байх нь чухал юм.
Тиймээс эдгээр дэд бүтцийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий байгууллагуудаар хийлгэх шаардлага гарч ирээд байна. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтарч “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийг санаачлан, боловсруулсан билээ.
Энэхүү төсөл нь 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих бөгөөд нэн тэргүүний шаардлага бүхий уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад зарцуулагдахаас гадна Монгол Улсын өмнөд бүс нутгийн усны нөөцийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэгдэх юм. Учир нь өмнөд бүс дэх бүхий л үйл ажиллагаа нь хөрсний уснаас ихээхэн хамааралтай бөгөөд хөрсний усны боломжит цар хүрээг тогтоох, эрэлт хэрэгцээг чанар болон байршлын хувьд нийцүүлэх зорилгоор усны геологийн судалгааг тус бүс нутгийн хэмжээнд нарийвчлан хийх шаардлагатай байгаа юм.
Төслийг энэ оны 7 дугаар сараас шуурхай хэрэгжүүлж эхлэхээр Сангийн яам болон Дэлхийн банкны зүгээс ажиллаж байна.
Энэхүү 25 сая ам.долларын зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамжийг төлж нийтдээ 20 жилийн хугацаанд буцаан төлөхөөс эхний 10 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.